Монголын үзэгчдийн цангааг “Хоёр ертөнцийн буудал”-д тайлж байна

img

УДБЭТ-т тоглогдож буй ТВ-Коктейл” хамтлагийн тайзны анхны уран бүтээл болох “Хоёр ертөнцийн буудал” жүжиг үзэгчдийн талархлыг хүлээгээд буй. Өнөөгийн манай нийгэмд хошин шогоос илүүтэй хүний сэтгэлгээнд хүчтэй нөлөөлөхүйц шүүмжлэлт, сэтгэлзүйн драм ус агаар мэт хэрэгтэй байгаа юм. Тэгвэл “ТВ Коктейл” хамтлагийн залуу уран бүтээлчид яг ийм жүжгийн зохиолыг зоригтой барьж улмаар монголынхоо тайзнаа амилуулж байна. Ингээд тус хамтлагийн уран бүтээлчдийн сэтгэгдлийг сонордуулья.   Н.Цэнд-Аюуш: Амьдрал бол бэлэг -Юуны өмнө, үзэгчдийнхээ өмнөөс баяр хүргэе. Сэтгэхүйн эмгэнэлт драмын жүжгийг сонгож авсан нь та бүхнээс том зориг, бас тайзны урлагт тэсрэлт болж чадахуйц хэмжээний тоглолтыг шаардсан байх? -Баярлалаа. “ТВ-Коктейл” хамтлагийн тайзны анхны уран бүтээл болох “Хоёр ертөнцийн буудал” жүжиг маань амжилттай тоглогдож байна. Уран бүтээлч хүний хувьд, драмын урлагт хүчээ сорих юмсан гэх хүсэл байлгүй яахав. Энэ дагуу бид нар томоохон шийд гаргаж, тус жүжгийн зохиолыг багшаасаа авсан. Жүжгийн зохиолыг хамтлагаараа уншихад их таалагдсан, ийм сайхан зохиол олж авсандаа үнэхээр их баярласан шүү. Сэдэв нь хүртэл сүүлийн үед тавигдаж байгаа жүжгүүдээс тэс өөр. Тиймээс жүжгийн ажилд зориг шулуудан орж, уран бүтээлчдийн багаа бүрдүүлсэн. Бидний дунд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Амбий ах, Навчаа, Очироо эгч маань орж ирснээр бид энэ бүтээлээ хамтарч хийлээ. Үзэгчдэд ч их сайн хүрч байгаад уран бүтээлч бид нар сэтгэлийн таашаал авч сууна. -Бурхан, диваажин байдаг эсэхийг мэдэхгүй ч гэлээ, хүмүүс аль нэгэнд нь итгэж амьдрахыг хүсдэг. Таны дүр ч гэсэн, энэ өгүүлэмжийг харуулж чадсан болов уу? -Тийм ээ, хүн амьдралд итгэх итгэл, сайн сайхан руу тэмүүлэх мөн чанараа алдахгүй байвал бүх зүйл аяндаа болж бүтнэ. Зоригтой бай гэсэн өгүүлэмжийг миний дүр харуулдаг. Зохиолын маань утга санаа тусдаа боловч дүр болгоноор дамжуулан үзэгчдэд олон ойлголт өгөхийг зорьсныг та бүхэн анзаарсан байх. Уран бүтээлээрээ дамжуулж хэлэх гэсэн санааг минь үзэгчид ойлгоосой, илүү олон үзэгч ирж мэдрээсэй гэж хүсч байна. Амьдрал гэдэг чинь бэлэг. Энэ бэлгийг яаж арчлах ёстой юм бэ. Хүн амьдралыг хэрхэн утга учиртай өнгөрүүлэх хэрэгтэй вэ гэх мэтчилэн зөндөө олон философи энд оршиж байгаа. Мэдээж, хүн болгон өөр өөрийнхөөрөө ойлгоно. Хамгийн гол нь, амьдрал хэмээх энэ бэлгийг хайрлаж хамгаалах хэрэгтэй гэсэн санаа. Л.Эрдэнэ-Очир: Жүжиг маань монголын тайзны урлагт шинэ өнгө аясыг харуулж байна -Уран бүтээлээ завсарлаад багагүй хугацаа өнгөрүүлсэн гэсэн. Энэ жүжгээр үзэгчидтэйгээ дахин уулзаж байна уу, та? -Би 1995 онд СУИС-ийн кино-драмын ангийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байгаад уран бүтээлээ завсарласан. Энэ олон жилийн дараа тайзан дээрээ эргэж гарсандаа баяртай байна. Дүү нар маань хамтарч ажиллахыг урьж, санал тавихад нь дуртайяа хүлээж авсан. Жүжиг маань ч тэр болгон хөндөгдөөд байдаггүй сэдвийг сөхсөн, монголын тайзны урлагт төдийлөн гарч ирж байгаагүй өнгө аясыг харуулсан болохоор тэр. -Дараагийн уран бүтээл дээр дахин хамтарч тоглох уу? -Одоогийн байдлаар, хараахан ярилцаж амжаагүй байна. Хэрэв энэ жүжигтэй маань дүйцэхүйц хэмжээний шинэ уран бүтээл дээр хамтарч ажиллах санал тавибал дуртайяа ажиллана гэж бодож байгаа. -Уран бүтээлээ завсарлаад юу хийж байв? -Бусдын адилаар л амьдарсан. Янз бүрийн бизнес эрхэлж үзлээ. -Эмгэнэлт драмын жүжиг үзэгчдэд багагүй зүйлийг бодогдуулсан байх. Таны хувьд? -Тийм ээ, ер нь хүний сэтгэл зүрх, оюун ухаан руу чиглэсэн бүтээл л дээ. Хоол хүнс хэрэглэдэг шигээ хүний оюун ухаан ямар нэгэн зүйлийг хэлэх гэсэн бүтээлээр цангаж байгаа болов уу гэж бодож байна. Насны эцэст харамсах зүйлгүйгээр энэ амьдралаа хэрхэн өнгөрүүлэх вэ гэдгээ хүмүүс жаахан ч атугай бодож байх хэрэгтэй. Бие биеэ санаатай болон санамсаргүйгээр гомдоох, зөвхөн өнөөдрийн энэ амьдрал болоод хэдэн төгрөгийн төлөө хүн гэдэг мөн чанараа мартах нь олонтаа. Гэтэл яг насны эцэст үхлийн босгон дээр тулж очиход яг юу бодогдох вэ. “Яах гэж би ингэж амьдарсан юм бол” гэх ч юмуу эсвэл “Би энэ насандаа хийх ёстой бүхнээ бүтээж, бусдыг хангалттай хайрлаж амьдарсан шүү” гэсэн бодлоор өөрийгөө шалгаана. Тиймээс үзэгчид маань энэ жүжгээс амьдрал ахуйгаа эргэцүүлэн бодох байх. Хүн төрөлхтний хувьд мөнхийн атлаа өдөр бүр яриад байдаггүй тэр сэдвийг хөндсөн тийм сайхан уран бүтээл болсон. -Хүн бүр мэддэг атлаа бодохоос ч эмээдэг тэр сэдэв шүү дээ? -Үхэл гэдэг зүйл бидэнтэй алхам тутам, цаг мөч бүрт л хамт явж байгаа шүү дээ. Бид хэзээ үхэхээ ч мэдэхгүй. Үхлийн дараа өөр амьдрал байдаг эсэх нь өнөөдөр хүн төрөлхтөнд нууц хэвээрээ л байгаа. Үнэхээр өөр амьдрал байдаг болов уу, амьдрал гэдэг хүнд дахин дахин өгөөд байдаг бэлэг мөн үү гэх мэт асуудал ч энэ жүжигт нууц хэвээр үлдэж байна. Тэгэхээр хүмүүс бие биеэ чин сэтгэлээсээ хайрлан хүндэтгэж, ойлгож, уучилж, хийж бүтээхийн төлөө амьдраасай гэсэн нь энэ жүжгийн утга санаа юм.  Б.Навчаа: Яаж амьдарч байснаа ухаарч, өөрийгөө өөрчилж эхэллээ -Амьдарч байх хугацаандаа хүн ер нь үхлийн тухай бараг боддоггүй байх. Гэхдээ үхэл амьдралын зааг дээр ирээд л өнгөрснөө эргэцүүлэн тунгаах нь зайлшгүй үнэн. Энэ ч утгаараа, таны дүр бас нэлээд сонирхолтой юм билээ? -Франц улсын хувьд, үйлчлэгч гэдэг ажлаа хийж яваа бусадтай л адилхан хүн гэж үздэг. Харин манай орны нөхцөлд бусдаас арай доогуур амьдралтай юмуу өрх толгойлсон эмэгтэйчүүд л цэвэрлэгч хийдэг. Тэгэхээр энэ хүн ажлаа шударгаар хийж, бүх эд хогшил, хүмүүсийг хайрласан. Ганцхан өөрийгөө л хайрлаж чадаагүй байхгүй юу. Хүн үхэхдээ өнгөрсөн бүх амьдралаа эргэж нэг санадаг гэж бид ярьдаг шүү дээ. Магадгүй, тэр үнэн байх. Энэ үйлчлэгч эмэгтэй үхэл амьдралын зааг дээрх тэр ертөнцөд ирээд ганцхан хоносон мөртлөө маш их зүйлийг ойлгож ухаарч буй дүр. Хэнийг ч загнаж, доромжлохгүй. Харин өөрийнхөө хэмжээнд ойлгож мэдсэн бүхнээ бусадтай хуваалцаж, дотоод ертөнцөө нээх гээд гүйдэг. Хэн ч өөрийг нь тоож сонсдоггүй байсан болохоор боломж олдвол өөрийнхөө тухай ярихыг хүснэ. Яахав, дүрийн маан зан араншинтай холбоотой байх л даа. “Хоёр ертөнцийн буудал” их сайхан жүжиг. Уран бүтээлчид маань сайн баг болж, амжилттай тоглож чадлаа. Энд хэн нэгэн нь цойлох ёсгүй. Цойлох дээрээ хүрвэл бүгд л цойлох ёстой. Бүх дүр хоорондоо нийлж, харьцаж байх ёстой. Энэ ч утгаараа, жүжиг маань ч сайн болсон. -Таныг хүмүүс “ТВ-Коктейл” хамтлагт орлоо гэсэн. Энэ үнэн үү? -Харин тэгж ярихыг нь сонссон. Магадгүй үзэгчид маань Амбий, Навчаа хоёрыг ороод ирсэн болохоор инээдмийн жүжиг тоглох нь гэж ойлгосон байж мэднэ. Харин бид сэтгэхүйн эмгэнэлт драм буюу хүнд сэдвийг барьж авснаараа жүжигчин хүн яаж хувирч, хэрхэн тоглож чаддагийг харууллаа. Навчаа гэдэг хүн ихэвчлэн бусдыг загнаж захирсан, ааштай нэгний дүр бүтээснээрээ олонд танигдсан бол, өнөөдөр шал өөр байж чадлаа. Тайзны уран бүтээл бол урлагийн ертөнцөд хамгийн нэгдүгээрт тавигдаж байдаг. “Хоёр ертөнцийн буудал”-д жүжигчний хувьд сурч мэдсэн бүхнээ бүрэн дайчилсан, би. Жүжгийн зохиолоо уншаад сэтгэл санааны маш их дарамтанд орсон шүү. “Би ер нь яаж амьдраад байна аа” гэж өөрөөсөө эхэлж ухаарлаа. Хэдэн хүүхдээ загнаж зандрахаа болиод “Энэ бол амьдралаас өгсөн бэлэг” гэж ар гэртээ хайрыг мэдрүүлж эхэлсэн. Эргэн тойрныхоо хүмүүст эерэг мэдээлэл өгөх гээд л хувь хүн талаасаа би их өөрчлөгдөж байгаа. Үзэгчид маань ч гэсэн, энэ мэдрэмжийг олж авч ухаараасай. Найз нөхдөд маань “Энэ жүжгийг урилгаар үзчихье” гэсэн сэтгэл алга. Бүгд тасалбараа худалдаж авч үзээд нүдээ хавдтал уйлчихсан гараад явж байна. Монголын үзэгчид үнэхээр “цангаж”. “40 нас хүрсэн бол үхлийн тухай өдөрт нэг удаа бодож бай” гэдэг үг бий. Түүн шиг, бид нар хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ мэддэг. Тэгсэн мөртлөө хэзээ ч үхэхгүй, үхэл биднээс хол байгаа юм шиг бодож явдаг. Хүн үхэхдээ хэн нэгэнд хайр бэлэглэсэн, бусдаас хайрыг мэдэрсэн, өөрийгөө болон амьдралыг хайрласан гэх мэтээр их утга учиртай байх ёстой. “Нэг олдох амьдрал юм чинь” гээд буруу үйлдэл хийж, цээжээ битгий дэлдэж яваасай. Гэтэл хүн гэдэг амьтан чинь мөнх амьдардаг юм байна. -Яагаад? -Хойд насандаа ямар нэгэн өөр амьтан болж төрнө гэдэг нь төөрөгдөл. Хүн үхсэн ч дараагийн төрөлдөө дахин хүн болж төрдөг гэж бодогдсон. Амьдралд дахин ирээд гурван нас хүртлээ өмнөх төрлийнхөө алдааг давтахгүй гэж хичээдэг ч, материаллаг баазад тулгуурлаад урьдын явдлаа мартдаг. Энэ маягаар амьдрал гэгч бэлгийг бидэнд дахин дахин өгч байхад түүнийг арчилж тордон, эх дэлхийгээ хайрлаж явах ёстой. Бүх зүйл энд агуулагдаж байгаа. -Үйлчлэгч эмэгтэйн хувьд нөхөр, охидынхоо төлөө бүхнээ зориулсан нь үнэхээр их хайр. Гэтэл өөрийгөө хайрлаж чадаагүй нь амьдралаас буцах шалтгаан болсон нь харамсмаар юм? -“Зүрх гэдэг чинь миний хайрлах ёстой ганц эрхтэн шүү дээ” гэж тэр ер бодоогүй. Магадгүй, хэзээ ч бусдад хайрлуулж үзээгүй болохоор зүрх нь аль эрт “үхсэн” байх. Хайр гэдэг чинь хүний амин сүнс болсон зүрхийг ажиллуулж, тэтгэж байдаг эд. Тэгэхээр үйлчлэгч эмэгтэй хайрыг бусдад өгч байснаас биш авч үзээгүй хүн. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uzegch:
uneheer goy jujig bna lee zaaval uzeerei zaluusaa zurag dardag utsaa untraadaggui zaluus ochih hereggui gej nemj zahiy daa
2012-09-17
Shinee:
Ene jujig uneheer gaihaltai sain bolson. Heden naiziinhaa hamt uzeed setgel ih dogdolj, iluu olon huniig hairlamaar sanagdsan. Jujigt mash olon chuhal sanaag ilerhiilj humuust uhaaral hairlah gesen gol zorilgo n ariun bailaa. Bugd dor burnee hicheej tun chadvarlag saihan buteel olgiidoj gargaj chadsan ene bagiinhand tsaashdiin amidral, ajild n ondor amjilt husej baina. Taiznii ard ajillasan mash olon humuus baigaa. ene gaihamshigtai humuust ch gesen haluun bayr hurgey!!!
2012-09-16