
Сүүлийн үед ихэнхи үйлчилгээний байгууллагууд сугалаа, хямдрал зарлаж байр, автомашин амлах болсон. Мобиком корпорацийн хувьд байр, автомашиныг хамтад нь хожих боломжтой гэх “мобилото” сугалааг гаргаж эхний азтанууд тодорч эхэлсэн юм. Гэтэл шууд тохирлоор азтнаа тодруулалгүй бичлэгээр цацаж байсан нь нэгэнт илэрсэн.
Балжинням Батсайхан гэх иргэн тохирол болохоос хоёр цагийн өмнө 99178881 гэсэн дугаар эзэн өнөөдөр байр, автомашинтай болно мөрийцөх үү гэж фейсбүүк хуудаснаа бичсэнээр тохирол шууд явагддаггүй гэдэг нь мэдэгдсэн юм.
Харин энэхүү үйлдэлдээ Мобиком корпораци хариу мэдэгдэл хийхдээ "Мобилото сугалааны гурав дахь удаагийн азтан тодруулах ажиллагаа телевизийн бололцоотой цагаас шалтгаалан өдөр нь 13 цагт тодруулж, орой 21 цагт цацсан нь үнэн. Хэрвээ та бүхэн анзаарсан бол нэвтрүүлгийн үеэр дэлгэцийн дээд хэсэгт шууд гэсэн тодотгол байгаагүй. Нэвтрүүлэг албан ёсоор цацагдахаас өмнө цахим хуудаснаа буруу ташаа мэдээлэл гарсантай холбогдуулж энэ мэдэгдлийг хийж байна" гэсэн юм
Харин энэ мэдэгдлийг уншсан хүмүүс фейсбүүк хуудаснаа өөрийн сэтгэгдлийг одоо хүртэл үлдээсээр байна. Хэрвээ үнэхээр студийн боломжоос шалтгаалж хийсэн бол хэрэглэгчид руугаа өнөөдөр орой биш өдөр азтан тодруулна гэсэн мессеж илгээж болох байсан. Өөрсдийн сурталчилгаагаа бүх хэрэглэгчиддээ мессежээр тараадаг мөртлөө энэ мэтчилэн иргэдийн хүсэн хүлээж суугаа зүйлийг болсон хойно нь цацаж байгаад бухимдсан хэрэглэгчид олон байгаа юм. Өөрөөр хэлбэл, мобикомын хэрэглэгчид аль хэдийнэ азтан нь тодорчихсон сугалааг дараа нь өөрсдөө хожчихож магадгүй гэж сэтгэл догдлон хүлээн суусан болж таарч байна.
Энэ мэт азтан тохируулах сугалаанууд амласан нь хуурч, итгэсэн нь хүлээдэг байдал давтагдахгүй гэх газаргүй болжээ.
Ц.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ