
Террористууд АНУ-ын хоёр ихэр цамхагийг нурааж 3000 орчим хүний аминд хүрсэн аймшигт хэрэг 9/11-ний өдөр болж байсан. Уг хэргийн 11 жилийн ойн өдөр дахин аймшигт хэрэг гарлаа.
Мягмар гаригт Ливид суух АНУ-ын элчин сайдын яамны байр руу хүмүүс дайрч, элчин сайд Крис Стивенс болон өөр гурван америк иргэн амиа алджээ. Бухимдсан хүмүүс элчин сайдын байр руу оройн 22:00 цагийн үед дайрсан бөгөөд Ливийн хүчин болон АНУ-ын элчин сайдын яамны ажилтнууд байрыг 02:00 үед л буцаан эзэлж чадсан байна.
Мөн маргааш өдөр нь буюу лхагва гаригт Египетийн Каир хотноо суух АНУ-ын элчин сайдын яамны гадаа мөн л бухимдсан олон цуглаж, яамны байрны ханан дээр элдэв үг бичин, Америкийн далбааг шатаан танхайрчээ.
Энэ бүх хэргийн гол шалтгаан лалын шашныг доромжилсон “Innocence of Muslims” хэмээх нэгэн киноноос болсон хэмээн үзэж байна.
Израйль-Америкийн үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч Сем Басил гэгч уг киноны зохиолыг бичиж найруулсан гэх бөгөөд кинонд лалын шашны үндэслэгчийг доромжилж, ижил хүйстэн, алуурчин гэх мэтээр гардаг аж. Сем Басил гэдэг нь уран бүтээлийн нэр бөгөөд түүний жинхэнэ нэрийг киноны багийнхан ч тэр мэдэхгүй байна. Бослого гарснаас хойш Сем Басил нуугдаж, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа ч “The Wall Street Journal” түүнтэй утсаар холбогдож ярилцсан байна. Тэрээр Израйльд төрсөн еврей хүн бөгөөд лалын шашныг олон хүний аминд хүрч буйд буруутгаж, лалын шашныг хавдартай зүйрлэжээ. Киног хийхээр нийт 100 орчим еврейчүүдээс 5 сая ам.доллар цуглуулсан гэнэ. Мөн энэ кино нь шашны биш улс төрийн кино, Америк улс Ирак, Афганистаны дайнд өчнөөн мөнгө, хүнээ алдлаа. Одоо бид үзэл санаагаараа тэмцэх болно гэсэн байна.
Гэхдээ Youtube-д тавигдсан трейлэрээс нь харахад кино багахан төсвөөр бүтсэн нь илэрхий байлаа.
Киноны багийнхны хийсэн мэдэгдлээр бол тэд кино ийм улс төрийн зорилготой байх юм гэж мэдээгүй, тэдэнд “Цөлийн дайчин” нэртэй түүхэн, адал явдалт кино хийнэ гэж ойлгуулсан гэжээ. Мөн Мухаммедийг доромжилсон хэсэг зохиолын үгэнд байгаагүй, дараа нь эвлүүлсэн хэсгүүд байна хэмээсэн байна.

Басил алагдсан хүмүүсийн өмнөөс харамсч байгаа ч үүнд элчин сайдын яамны хамгаалалт сул байдлыг буруутгажээ. Өмнөх оны зун хийгдсэн уг кинонд 59 жүжигчин, 45 хүн камерын ард ажилласан байна. Киног Холливудын хүн багатай кино театр гаргасан энэ жил нэг удаа гаргасныг Басил хэлжээ.
Huffingtonpost сайтад бичсэнээр кинонд зөвлөхөөр ажилласан Стийв Клайн Басилд киног хийхээ амласан ч түүнийг дараагийн Тео ван Гог болох вий хэмээн сэрэмжлүүлж байсан гэнэ. Ван Гог нь голландын кино найруулагч бөгөөд 2004 онд хийсэн кино нь лалын шашинтнуудад доромжлол боллоо хэмээн үзэж муслимуудын гарт амиа алдсан юм.
Египетийн Ерөнхийлөгч Мохамед Мурси лалын шашны үндэслэгчийг доромжилж, бослого гаргахад хүргэсэн уг киног буруутгасан ч үзэл бодлоо тайван замаар жагсаж илэрхийлээгүй хүмүүст хуулийн хариуцлага оноохыг мэдэгджээ.

Мөн элчин сайдын үхлийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “шударга үнэнийг тогтооно” хэмээсэн бөгөөд АНУ-ын тэнгисийн хүчин Ливи руу хөлөг онгоцоо илгээсэн байна. Мөн энэ явдал хоёр улсын харилцаанд нөлөөлөх ёсгүйг ноён Ерөнхийлөгч хэлсэн юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ