
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орон тоог цомхотгон, 2700 гаруй хүнийг ажилгүйдэлд хүргэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын есөн гишүүн Сангийн сайдад санал хүргүүлж буйгаа мэдэгдсэн билээ. Тиймээс уг асуудлаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Отгонбаяр, БШУЯ-ны Үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзориг болон гүйцэтгэх зөвлөлийн төлөөлөл өнөөдөр Төрийн ордны “В” танхимд хэвлэлийнхэнтэй уулзсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Боловсролын салбар, тэр тусмаа хөдөө орон нутггийн цэцэрлэг, сургуулийн багш, ажилчдын амьдрал үнэхээр хэцүүдэх нь. Сангийн сайдын гаргасан тушаалаас үүдэж сургууль, цэцэрлэгийн дуу хөгжмийн багш, галч, манаач, тогооч, угаагч зэрэг 1200 орчим хүн ажилгүй болж байна. Энэ нь зөвхөн багш, ажилчдын ахуй амьдралд нөлөөлөөд зогсохгүй хүүхдийн эрх ашгийг ч ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа. Тиймээс уг асуудлыг дахин нягталж харах, алдаатай бодлогоо засч залруулах талаар Ерөнхий сайд, Боловсролын сайд, Сангийн сайд зэрэг холбогдох хүмүүст УИХ-ын нэр бүхий есөн гишүүн санал хүргүүлэхээр шийдсэн. Нийслэл, хөдөө орон нутгийн хувьд боловсролын салбарт ажиллаж буй бүх хүмүүсийг хамруулаад авч үзэхэд л 2700 гаруй хүн ажилгүй болно гэсэн тооцоо бий. Боловсролын салбарын ажилтнууд хөдөлмөрийн хуулийн дагуу ирэх оны нэгдүгээр сараас эхлэн нэмэгдэл цалин авах ёстой байсан. Гэтэл түүнээс өмнө ажлаасаа халагдаж байгаа нь давхар хохирол амссанаас ялгаа алга. Хүүхдийн тоотой уялдуулан ажлын байрыг цөөлснөөр төсөв хэмнэнэ гэдэг утгагүй асуудал. Шинэчлэлийн Засгийн газар ирэх дөрвөн жилд цэцэрлэг, сургууль олноор барина гэж төлөвлөсөн. Гэвч одоо боловсролын салбарт хийх хөрөнгө оруулалтаа багасгаж байгааг нь юу гэж ойлгох вэ” гэж тайлбарлалаа.
Харин уг асуудлын тухайд БШУЯ-ны Үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзориг “Энэ шийдвэр боловсролын салбарын үйл ажиллагаа доголдоход хүргэж байна. Багш, ажилчдын ачаалал нэмэгдсэнээр хүүхдийн эрх зөрчигдөх нь. Цэцэрлэгийн багш бага насны хүүхдүүдийг асран хамгаалах, тэдний амь нас, эрүүл мэндийг хариуцан тасралтгүй арван цаг ажиллах үүрэгтэй байдаг. Харин одоо хүүхдүүдээ харж хандан, мэдлэг боловсролд нь анхаарахын зэрэгцээ давхар ажил хийх ёстой болж. Хэрэв багш гудамж цэвэрлэн, цагаан хэрэглэл угааж байх хооронд хүүхдэд ямар нэгэн таагүй асуудал тулгарвал хэн хариуцах юм бэ. Өглөө 7.10 цагт эцэг эхчүүд хүүхдээ авчирч өгөх нь элбэг. Тэгэхээр хэдэн буудал дамжин ажилдаа ирдэг багш нар үүнээс ч өмнө ажлын байрандаа байх ёстой албан бус үүрэг хүлээж байна. Ажил нь 17.00 цагт дуусах ёстой гэж заасан ч 20.00-22.00 цаг хүртэл ажиллах нь энүүхэнд. Гэтэл бодит амьдралд нийцэхгүй, шинжлэх ухааны үндэслэлгүй ийм шийдвэр гаргасан нь зүйд нийцэхгүй асуудал. Энэ маягаараа боловсролын салбар цаашид хөгжихгүй. Ирэх оны төсөв батлагдах үед энэ асуудлыг дахин авч үзэж, алдаагаа залруулах ёстой гэж үзэж байна” гэсэн юм.
Боловсролын салбарын сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд багшийн орон тоог илүү гаргах асуудал бий. Ажлын хэсгийн хийсэн судалгаагаар математикийн дөрөв, дуу хөгжмийн найман багштай сургууль байдаг нь ч илэрсэн. Тиймээс энэ мэт булхай үүсгэн, төсвийн мөнгийг үрэн таран хийж буй асуудлыг цэгцлэхийн тулд ийм шийдвэр гаргасан гэсэн. Гэхдээ орон тоог хэтэрхий багасгаж, 1000 гаруй хүнийг ажлын байргүй болгосон нь асуудлыг хурцатгасан байх. Энэ талаар төсөв хэлэлцэх үед оруулсан ч огт тусгагдаагүй байна лээ. Яахав, ирэх оны төсөв хэлэлцэх үед уг асуудлыг дахин авч хэлэлцэнэ. Угаасаа боловсролын салбарт зайлшгүй байх ёстой орон тооны асуудал яригдана” гэж хэлсэн бол Сангийн сайд асан Д.Хаянхярваа “Засч залруулах гэж байгаа нь энэ гээд назгай байдалд нь буцаагаад оруулж болохгүй. Би энэ асуудалд хоёр талаас нь хандаж байгаа. Орон тоо багасгасан нь үнэн. Гэхдээ энэ бүхэн зуун хувь буруу биш. Орон тоо багассан ч, ажлын чанар дээшилнэ. Бид энэ тал дээр анхаарч, ийм шийдвэр гаргасан” гэдгээ ч дуулгаад авна лээ. Юутай ч, ирэх 2013 оны төсөв хэлэлцэх үед хоёр сайд “учраа олох” нь тодорхой бөгөөд боловсролын салбарынхан хэсэгтээ л бужигнасан хэвээр байх нь.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ