TV8 телевизийн сэтгүүлч Ж.Минжингийн биед Солонгосчууд халдсан тухай түүнээс тодрууллаа.
-Яг ямар үйл явдал болсон юм бэ?
Өнөө өглөө 09.00 цагийн орчим манай 1952 утсанд барилгын Монгол ажилтнуудыг Солонгосчууд зодоод байна гэсэн мэдээлэл ирсэн. Бид хуралтай байсан тул тэр үед нь ойшоогоогүй. Хурлаа дуусаад мэдээндээ гарах гэж байтал байн байн залгаад “Асуудал хурцдаж байна. Монголчууд энд цус нөжтэйгээ холилдоод байна” гэхэд нь “Цагдаа нар ирсэн юм уу” гэж бид асуухад “Цагдаа нар ирээд зодуулсан Монголчуудыг аваад явсан, Солонгосчууд нь үлдсэн” гэсэн. Асуудал нэлээд хурцдаж байгаа юм байна гээд бид 11.00 цагийн үед Bluesky tower дээр очсон. Гэтэл урдаас хамгаалагчид тосч ирээд энд юу ч болоогүй гэж хэлсэн. Бид ямар нэг асуудал үүсгэж ирээгүй, зүгээр нэг хүнээс тодруулга авах гэж ирснээ дуулгалаа. Гэтэл байгууллагын дотоод журамд камер оруулдаггүй гэсэн. Ингээд би жолооч, дадлагын охин хоёроо дагуулаад ортол грашийн буланд нэг өрөөнд ороход Солонгосчууд хэдэн Монгол хүүхэн, нэг Монгол залуутай хамт байсан л даа.Тэдэнд хандан “Бид TV8 телевизээс явж байна. Зодуулсан Монголчууд маань яасан бэ, гэмтлийн эмнэлэгт очсон уу, юунаас болж зодолдов?” гэж асуусан. Хэн нь ч хариу дуугараагүй, нэг залуу босч ирсэн. Асуудал эвгүйрч магадгүй гээд би утасныхаа камерыг асаалаа. Гэтэл нөгөө залуу буцаад суусан. Би юмыг яаж мэдэх вэ гээд тэнд байсан бүх хүмүүсийн царайг утсандаа бичиж авсан. Нэг Солонгосоос нь энд юу болсон бэ гэж асуухад тэр дуугараагүй. Ингээд бид гарах гэж байтал нэг охин орилоод ороод ирсэн. Тэр биднийг гар, зайл гэж хөөж, түлхэж байсан. Би утасныхаа камераар түүний царайг бичиж аваад “Чи юу нь юм бэ” гэж асуусан. Тэр учир зүггүй миний үснээс зулгааж, дээрээс дараад нүүр рүү өвдөглөв. Би доошоо дарагдаад унахад бүгдээрээ ирээд алгадаж, үсдэж, дээрээс дэвсэлж өшиглөж байв. Тэр үед манай дадлагын охин айгаад хөдөлж чадаагүй. Жолооч залуу маань дунд нь ороод тэднийг зайлуулах хооронд би зугтаж гарч ирсэн.
-Тантай хамт явсан хүмүүс яасан бэ?
-Үс гэзэг арзайсан, хувцас хунар тайлагдсан гарч ирээд дээшээ гүйхдээ “Гамбаа намайг зодож байна гэж зураглаач руугаа орилсон. Амараа, Болороо миний утсыг аваад гараарай гэж доор үлдсэн хоёр руугаа орилоод гүйв. Зодуулж байхдаа би утсаа унагачихсан юм. Гарч ирээд би цагдаа руу, телевизийнхээ сэтгүүлч рүү ярьсан. Энэ хооронд нөгөө хоёрыг маань цоожилж, дадлагын охины маань нүүрийг сийчнэ гэж сүрдүүлсэн. Дадлагын охин маань айгаад “Би сэтгүүлч биш, зүгээр дадлага хийж байгаа юм. Намайг гаргачих” гэж гуйсан гэсэн. Гэтэл нөгөөдүүл нь “Битгий гарга, битгий гарга наад охин чинь бас бичлэг хийсэн байх, нэгж” гээд охиныг нэгжсэн. Дараа нь залуу, хүүхэн хоёр үүдэн дээр нь зогсоод тэр хоёрыг гаргаагүй. Солонгосчууд нь чанга чанга инээлдээд утсан дээрээ дадлагын охиныг маань бичлэгийг хийсэн. Тэнд байсан эмэгтэйчүүд нь түүнийг дундаа оруулж байгаад нэг нэгрүүгээ түлхэлдсэн гэсэн. Охин айгаад “Намайг гаргачих гэж гуйгаад л байлаа”. Тэр хоёрыг гаргахгүй байж байж цагдаа ирсний дараа 20-30 минутын дараа гаргав. Эхэндээ цагдаа нарыг ч оруулахгүй байсан.
Ч.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ