Аж ахуйн нэгжүүдийг шалгалаа
2012-09-14

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас  Дорнод аймагт хүнсний бөөний худалдаа эрхэлдэг 25 аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалтыг долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 3-ны өдрүүдэд хийжээ.

Шалгалтаар хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх, халдваргүйтгэл, шавьжгүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, бүртгэл хөтөлдөггүй, бөөнөөр худалдан борлуулж буй гялгар уут нь шаардлага хангахгүй, худалдаалж буй бараа бүтээгдэхүүн чанарын баталгаажилтгүй, хүнсний эрүүл ахуйн аюулгүй байдлын дүгнэлтийг бүрэн бүрдүүлээгүй, дотоодын хяналтын нэгж ажилтангүй, худалдан борлуулж буй бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дууссан, ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд ороогүй, хүнсний бараа бүтээгдэхүүнийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг зэрэг нийт 89 зөрчил илэрч, 52 зөрчлийг арилгуулжээ.

Хяналт шалгалтын явцад 24 нэр төрлийн 31.9 кг буюу 238.6 мянган төгрөгийн хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн, 3 төрлийн 24.6 кг буюу 136.4 мянган төгрөгийн нийлэг хальсан уут зэргийг хураан авч, мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх устгалын комисст устгуулахаар шилжүүлсэн байна.

Зөрчил дутагдалд холбогдуулан 1 албан тушаалтан 11 иргэнд холбогдох хуулийн дагуу 165.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдуулжээ.

Зөрчил дутагдлыг давтан гаргасан, зөрчил арилгах талаар санаачлага гаргаж ажиллаагүй 2 иргэний үйл ажиллагааг бүрмөсөн зогсоох акт үйлдэж, ажлын байрны засвар үйлчилгээг хангалттай хийгээгүйн улмаас ажлын байрны дээврээс ус гоожиж, шаардлага хангахгүй ажилласан 3 иргэний үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, үүрэг даалгавар өгснөөр шалгалтын хугацаанд зөрчлийг арилгуулсан талаар Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Юу вэ энэ зэргийн шалгалтыг орон нутгийн /аймгийн / МХГазар өөрөө хийж чаддаггүй юм уу. Улаанбаатар хотоос Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зардал чирэгдэл гаргаж, сүр дуулиан болж энэ мэт жижиг асуудлаар шалгалт хийх шаардлага байхгүй шүү дээ. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар ажлаа хийхгүй байгаа хэрэг үү эсвэл МХЕГазарт хийх ажил олдохгүй байгаа юм уу.
2012-09-17