
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар сая Монголбанкны ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм.
Хуралдааны үеэр зарим гишүүд санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “Монголбанк Засгийн газартай хамтран ажиллахдаа тааруу, улс төрийн сонирхлын зөрчилтэй юм уу гэж харагддаг. Монголбанкны зөвлөлийн эрх үүргийг нэмэгдүүлэх ёстой” гэсэн байр сууриа илэрхийлэв.
Харин УИХ-ын гишүүн Н.Энхболд “Засгийн газартай уялдаа холбоотой ажиллах шаардлагатай. Гэхдээ Засгийн газрын юм уу аль нэг улс төрийн хүчний нөлөөнд автаж болохгүй гэдгийг анхаарууллаа” гэсэн юм. Түүнчлэн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын жагсаалтад МАН-ын гишүүдийн гаргасан асуудлыг хэлэлцэх жагсаалтад оруулахгүй байгааг буруутгав. Энэ нь УИХ хүссэн зүйлээ хэлэлцдэг, хүсээгүйгээ хэлэлцдэггүй юм шиг хоёр нүүр харагдаж байна гэв.
Гишүүд үг хэлж дууссаны дараа Н.Золжаргалыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилох тухай асуудлыг дэмжих тухай санал хураалт явуулахад нийт 55 гишүүн оролцсоноос 44 нь зөвшөөрч олонхын саналаар дэмжин баталлаа.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ