Сонгуулийн хуулийг хурдан шийдэж, намуудад бэлтгэлээ хангах боломж олгохыг сануулав

img

Ардчилсан нам Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой болон “Анхан шатаа сонсох жил”-ийн хүрээнд 4 бүсийн чуулга уулзалтыг зохион байгуулж Хойд бүсийн чуулга уулзалтаа Архангай аймагт, Баруун бүсийн чуулга уулзалтаа Завхан аймагт, Төвийн бүсийн чуулга уулзалтаа Өмнөговь аймагт зохион байгуулаад байгаа. Харин энэ сарын 17-19-ний өдрүүдэд Зүүн бүсийн чуулга уулзалт Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод амжилттай зохион байгуулагдаж Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 400 гаруй төлөөлөгчид чууллаа.

Бүсийн чуулган Баруун-Урт хотын төвд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулсан хөшөөний нээлтээр эхэлж, чуулганы төлөөлөгчид Д.Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлсэн юм. Чуулганд АН-ын дарга, Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, АН-ын ЕНБДарга Д.Эрдэнэбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн Я.Батсуурь, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр, УИХ-ын гишүүн Г. Баярсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сэдваанчиг болон аймгийн засаг дарга, аймгийн АН-ын дарга Ж.Батсуурь нарын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцсоноороо онцлог байлаа.

Бүсийн чуулганыг нээж АН-ын дарга Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ “Монголын нийгмийн хөгжлийн шинэ эрин, шинэ харилцаанд хөтлөн оруулах түүчээ болсон Монголын Ардчилсан хүчин 20 жилийн өмнө байгуулагдаж, Монгол улс Ардчилсан тогтолцоонд шилжсэний түүхэн ойтой Зүүн бүсийн чуулга уулзалт давхцаж байна. Бид Ардчилсан тогтолцооны 20 жилийн идэрхэн насыг элээсэн хэдий ч багагүй зүйлийг бүтээж, Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар улс орны хэмжээнд Ардчилсан хувьсгалын 20 жилийн түүхэн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ түүхэн ойн өмнөхөн бид Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцож, ялалт байгуулан ард түмэн маань анх удаагаа Ардчилсан ерөнхийлөгчийг төрийн тэргүүнээрээ сонгож Ардчиллын үнэт зүйлийг баталгаажуулсан юм.

Энэ бол Ардчилалдаа үнэнч, эвийн хүчийг нэгтгэж ажилласан манай намын бахархам амжилт, тэр дотроо зүүн бүсийн аймгуудын маань амжилт гэдгийг онцлон тэмдэглэе. Эвтэй газар хүч хуралдаж, хүчтэй газар ялалт, амжилт ирдэгийн нэн тодорхой жишээ бол Ардчилсан ерөнхийлөгчийг сонгож чадсан явдал юм. Та бүхэндээ АН-ын түүхэнд алтан үсгээр сийлэгдэх, Ардчилсан ерөнхийлөгчөөр баталгаажсан Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн мэндийг дахин дахин хүргэе” гэсэн юм.

Харин АН-ын ЕНБДарга Д.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Ардчилсан нам ард түмнийхээ төлөө 20 жил зүтгэсэн. Дахиад ирээдүйн 20, 200 жил зүтгэх итгэл бидэнд байх ёстой. Өнөөдөр та бүхнийг хараад сууж байхад энэ намын үе үеийн төлөөлөл энд хүрэлцэн ирсэн байгаад би бахархаж байна. Амьдрал үнэнээрээ байх нь сайхан, амьдрал бодитой байх хэрэгтэй. Бид нар асуудалд бодитой хандах ёстой. Тийм учраас бид төлөвших ёстой. Бид бусдаас илүү ухаалаг байх ёстой. Ард түмнээ хайрладаг чадвар энэ намд байх ёстой” гэдгийг онцоллоо. Харин АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг намын бүлгээс хийж байгаа ажлын талаар танилцуулж, уламжлал ёсоор “Ардчиллын 10 цагаан буян”-ыг тунхаглан, ирэх 20 жилийн 10 цагаан буяныг АН бүтээх ёстой хэмээн сануулсан бол УИХ-ын гишүүн Д. Кёкүшюзан Батбаяр 20 жилийн өмнө өлсгөлөнд оролцохыг хүсч, одоогийн намын удирдлагуудад хүүхэд байна гэгдэн хэрхэн “хөөгдөж” байснаа эргэн дурссан юм.

Түүнчлэн чуулганы үйл ажиллагаа илтгэлийн хэсгээр эхэлж үдээс хойш санал шүүмжлэлээр үргэлжилсэн юм. Гишүүдээс орон нутгийн хөгжилд хамгийн чухал зүйл болох орон нутгийн эрх мэдлийг өөрт нь өгөх асуудал бөгөөд хүн ард, залуу үеийнхэнд тухайн нутагт төрсөн гэдгээрээ бахархан, нутагтаа их дээд сургуульд сурч, боловсрох боломж олгох хэрэгтэй байгааг онцолж байсан. Мөн сонгуулийн хуулийг хурдан нэг тийш шийдэж, намын байгууллагуудад сонгуульд бэлдэх боломж олгох тал дээр намын бүлгийг анхаарч ажиллахыг сануулж байсан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ