З.Энхболд: Төсвийг ил тод болгоход иргэдийн идэвхитэй оролцоо, ухамсар чухал
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид та бүхний амар амгаланг айлтгая.
Шинэчлэн боловсруулсан “Төсвийн тухай хууль” -ийг 2011 оны сүүлчээр УИХ батлан гаргасныг та бүхэн мэднэ. Энэхүү хуулинд “Иргэдийн оролцооны шинэ үзэл баримтлалыг яаж бодит ажил хэрэг болгох вэ? гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна.
Бид “ Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж үндсэн хуулиндаа зааж лоозогносоор өдий хүрсэн. Гэтэл бодит байдал дээр иргэдийнхээ эдлэх ёстой гол эрх болох төсвийн төлөвлөлт зарцуулалтад санал, бодлоо тусгах, зарцуулалтад хяналт тавих эрхийг нь үгүйсгэсэн төсөв, санхүүгийн хуультай бид олон жил байсан. Харин энэ байдал шинээр батлагдсан төсвийн тухай хуулиар өөрчлөгдөж төсвийн төвлөрлийг багасгах, орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төсвийн менежментэд иргэдийн оролцоог хангах зорилготой шинэтгэлийн олон чухал бодлого тусгагдсан. Та бүхэн үүнийг үг биш үйл хэрэг болгох анхны төлөөлөгч нар болж байна.
Төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоо нь дараахь хэдэн үндсэн зарчим, үйл ажиллагаан дээр үндэслэнэ.
Нэгдүгээрт, “Ил тод байдлыг хангах” зарчим. Төсвийн менежментэд иргэд, олон нийтийн оролцоог шууд хангах замаар бүгдэд ил тод, ойлгомжтой төсвийг бий болгоно. Энэ зарчим нь иргэд, олон нийтийн хувьд шууд оролцох “Эрх” нь, харин төрийн болон орон нутгийн байгууллагуудын хувьд шууд хүлээх “үүрэг” нь байх ёстой.
Хоёрдугаарт, “Нээлттэй байх зарчим”, Төрийн, орон нутгийн байгууллагууд энэхүү үүргээ биелүүлэхийн тулд иргэдээс санал авах, олон нийтийн дунд санал асуулга явуулах, төсөв батлах Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг нээлттэй хийх гэх мэт ардчиллын механизмуудыг тогтмол ашиглах хэрэгтэй. Гэхдээ бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хэлбэрдэх биш бодитой ажил хэрэг болгох шаардлагатай.
Гуравдугаарт, “Хариуцлагын зарчим”. Олон нийтийн оролцоог хангах үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа бүх шатны албан тушаалтанд хариуцлага тооцох, шалтгааныг тогтоох, зөрчил дутагдлыг арилгах, дахин гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлэх ёстой.
Дөрөвдүгээрт, Иргэдийн оролцоо, тэр тусмаа идэвхитэй оролцоо нь иргэдийн өөрсдийнх нь ухамсараар тодорхойлогдоно. Өөрийн ажил, амьдралд зайлшгүй шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудлыг батлалцах эрхээ хэрэгжүүлэх ухамсарыг иргэн бүрт төлөвшүүлэх ёстой.
Төвлөрлийг сааруулахад биднээс сэтгэлгээгээ өөрчлөх, сэтгэлээ шинэтгэхийг юу юунаас илүү шаардаж байна. Төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдэг нь шийдвэр гаргадаг тогтолцоо, механизмаа өөрчилнө гэсэн үг. Ард түмний нийтлэг эрх ашгийн аль нэг асуудлыг хэн нэгэн хүн, эсвэл аль нэг бүлэг этгээд дангаар өмчлөн авч бусдын оролцоог үгүйсгэн дангаар шийдэж, захиран зарцуулдаг байх нь аливаа гажуудлын эхийг тавьж байгаа хэрэг мөн. Энэ байдалд бид цэг тавьж асуудлыг цэгцлэх цаг болжээ. Улаанбаатар хотын удилдлага Иргэний оролцоог дэмжих албыг байгуулсан нь бусдад сайн үлгэр дууриалал болж байна. Ийм жишгийг аймаг, сум, дүүргийн удирдлагууд хэрэгжүүлэх хэрэгтэй.
Төсвийг зөв зохистой захиран зарцуулах иргэдийн оролцооны эрх зүйн стандартуудыг тогтоох нь эрх зүйн шинэтгэлийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг байх болов уу. Орон нутгийн дотоод эрх зүй гэсэн ойлголтыг бий болгож, хуулиар шууд зохицуулагдаагүй асуудал болон хуулийн хүрээнд орон нутгийн иргэд дүрэм журмаа тогтоон мөрддөг тийм тогтолцоог бий болгох нь зүйтэй байна. Бүх асуудлыг хуулиар зохицуулах боломжгүй, харин зохицуулалтгүй үлдэж буй орон нутгийн чанартай асуудлыг иргэд хамтаар шийддэг орон нутгийн эрх зүйт ёсны тогтолцоог бүрдүүлэх том шинэтгэлийг төсвийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэдийн оролцоог дэмжих стратеги төлөвлөгөө, үндэсний хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлэх нь зүйтэй байна.
Ардчилалыг бэхжүүлж иргэн оролцоотой төр, шууд ардчилалын соёлыг Монгол улсад түгээн дэлгэрүүлэх их үйлсийг манлайлан оролцоно гэдэгт итгэж байна.
Та бүхэнд амжилт хүсье.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ