
Францын шар сэтгүүл “Closer” Их Британийн хунтайж Уиллиам, түүний гэргий Кейт нарын Франц дахь эдлэнд амарч буй зургийг папарацдсан юм. Хатан хааны зээ Лорд Линлигийн эдлэнд хосууд амралтын өдрөө өнгөрөөж байсан бөгөөд Кембрижийн гүнгийн авхайн цээж нүцгэн зургийг сэтгүүлдээ нийтэлсэн нь томоохон шуугиан тариад байна.
Гэхдээ энэ удаа хааны гэр бүлийнхэн ханхүү Харригийн нүцгэн зургийг нийтэлсэн явдалтай адилаар зүгээр суухгүй нь. Тэд хааны гэр бүлийнхний хувийн амьдралд халдсан хэмээн тус сэтгүүлийг Францын шүүхэд өгчээ.
Харин “Closer” сэтгүүлийн редактор хосуудын энэ хариу үйлдлийг хэтэрхий сүртэй хандаж байна гэж үзжээ. Тэрээр хосууд “гудамжнаас харагдаж байсан” гэсэн юм. Мөн “Наран шарлагын газар байдаг хэдэн сая эмэгтэйн адилаар наранд цээж нүцгэн биеэ шарж байгаа залуу эмэгтэй л байна. Юу нь тийм цочирдмоор гэж” хэмээсэн байна.


Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ