
Ном унших дуртай хэн бүхний анхаарлыг татсан үндэсний хэмжээний томоохон арга хэмжээ өнөөдөр нийслэлийн төв талбайд нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээг Монголын Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БШУЯ-ны сайд Л.Гантөмөр, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл болон бусад албаны хүмүүсээс гадна яруу найрагч, зохиолчид нээсэн бөгөөд номын хорхойтнуудтай уулзаж, шинэ бүтээлүүдтэй танилцсан юм. Уншигчид яруу найрагч, зохиолчдын гараас шинэ бүтээлийг нь гарын үсэгтэй хамт авч, номын солилцоо хийсэн уг арга хэмжээнд хөдөө орон нутгийн хүүхэд залууст хандивын ном цуглуулах ажилд ч идэвхтэй оролцож байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээлтийн арга хэмжээнд үг хэлээд зогссонгүй, хүүхэд багачуудтай хамт ном, товхимол үзэж сонирхсон бөгөөд өөрт буй хуучин номоо бусадтай солилцож харагдав. Сайд нарын хувьд ч тэр, номын үзэсгэлэн худалдаа өргөн хүрээнд зохион байгуулагдсанд талархалтай байгаа нь илт. Тэд шинжлэх ухаан, улс төр, түүхийн сэдэвтэй номнуудыг шимтэн сонирхож, уншигч залууст номын ач тусын талаар санал бодлоо хуваалцаж явсан. Ийнхүү үндэсний хэмжээний номын баяр өдгөө ч үргэлжилж буй бөгөөд номын хорхойтнууд нийслэлийн төв талбайд хуран цугларчээ.
Р.Мөнгөн

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ