
Гавьяат жүжигчин С.Сарантуяа хамгийн анх Хүүхэд залуучуудын театрын “Кепальчиш хүү” жүжигт тоглож байсан түүхтэй. Тус жүжгийн Кепальчиш хүүгийн найзын дүрд тоглохын тулд урт гэзгээ шууж, богино өмдөөр гоёод л сэлэм эргүүлж гүйсэн юм байх. Найруулагч нь түүнийг “Дэлдэн нөхөр” хэмээн өхөөрдсөн тухайгаа инээд алдсан дурсдаг тэрбээр тухайн үед авахуулсан жүжгийнхээ зургийг одоо хэр нь олоогүй гэх. “Хэдэн жилийн өмнө Хүүхэд залуучуудын театрын хананд миний зураг өлгөөтэй байдаг байлаа. Гэтэл театр менежментийн хувьчлалд орсноос хойш тэр жүжгийн зураг алга болчихсон. Сүүлд нь ихэд харамсч гуйж аваад ч болов, өөртөө үлдээдэг байж гэж бодсон” гэж жүжигчин маань халаглажээ. Их урлагт хөл тавих гараа нь болсон анхны дүр нь ийнхүү гэрэл зурагт мөнхөрсөн ч гэлээ, өөрийн болгож амжилгүй алдсандаа тэрбээр багагүй харамсч, танил нөхдийнхөө урлангаар орохдоо битүүхэндээ хайж явдаг гэсэн шүү.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ