Бекхэмийн үг Викториаг уйлуулав
Дэвид Бекхэмийг хөлбөмбөгч гэхээсээ рекламны мангас болчихсон гэж шүүмжлэх нь элбэг. Гэвч тэрээр одоо хүртэл ширэн бөмбөгтөө үнэнч хэвээр байгаа билээ. Жил бүр зохиодог BBC Lifetime Achievement Award-ийн “Спортын амжилт” шагналыг Дэвид Бекхэмд олгохоор тогтож, шагналыг Сэр Бобби Чарльтон гардуулсан байна. Дэвид Бекхэм болон Сэр Бобби нар Английн “Манчестер Юнайтед”-ийн тоглогч байсан билээ.
Бекхэм хөлбөмбөгчний хувьд шагнал хүртэж буйдаа сэтгэл нь догдолж буйгаа илэрхийлээд эхнэр Викториа болон гурван хүүхдэдээ халуун дулаан үг хэлжээ. “Би эхнэр, хүүхдүүддээ баярлалаа гэж хэлмээр байна. Викториа надад гурван сайхан хүү төрүүлж өгсөнөөс гадна үргэлж дэмжиж ирсэн. Тэр минь миний баяр баясгалан, эрч хүч бэлэглэгч юм. Бүр өдөр бүр шүү. Тэгэхээр Викториа, Бруклин, Ромео, Круз нартаа баярлалаа” гэж Бекхэм хэлсэн юм. Викториа нөхрийнхөө хэлсэн үгэнд уярч, нулимс унагажээ.
BBC телевизийн суваг 1996 оноос “Спортын амжилт” нэртэй шагналаа олгож эхэлсэн юм. Жорж Бест, Пеле, Бобби Робсон, Бобби Чарльтон нарын домогт хөлбөмбөгчид болон Сэр Алекс Фергюсон энэ шагналыг хүртсэн түүхтэй.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ