Тэнгэрийн морь
Залуу зохиолч Бандийн Болормаагийн "Аавын охиноос бурханд бичсэн захидал", "Эхийн хайр" өгүүллэгийг манай сайт өмнөх амралтын өдрүүдээр нийтэлсэн билээ. Тэгвэл энэ удаа Б.Болормаагийн "Тэнгэрийн морь" богино өгүүллэгийг нийтэлж байна. Дашрамд дурдахад зохиолч өдгөө Шведийн Вант улсад загвар зохион бүтээгчээр суралцаж байгаа бөгөөд анхны ном нь "Намайг эзгүйд" нэртэйгээр 2008 онд гарч байв. Нар луу тоссон хүүхдийн гар шиг навчсын судал дагаж бороо ганц нэг дуслах нь урин цаг ирснийх. Энд тэндгүй л ургаж байгаа моддын шивнээ, өсөж яваа охидын инээд цангинах ийм сайхан цагаар хүмүүний сэтгэл ч бас тэнэгэр. Ли даргын үүдэнд олон хүн эгнэн суужээ. "Шинээр нээгдсэн алтны уурхайд хэвлэл мэдээллийн ажилтан авна, жич: англи хятад хэлний зохих мэдлэгтэй, өндөр царайлаг байх" гэсэн зарын дагуу ийнхүү урт дараалалтай эгнээ үүсгэхэд хүргэжээ. Монголын охид хүүхнүүд бүгдээрээ гоо бүсгүйн тэмцээнд ордоггүй л болохоос гоо үзэсгэлэнгээрээ хаана ч дагуулахааргүй харагдана. Хоёр эгнээ болон урт вандан сандал дээр эгнэн суусан хүмүүсийн дундуур үслэг захтай цагаан пальто өмсөж өндөр өсгйи дээр ганхан алхах их л царайлаг бүсгүй шал тачигнатал алхсаар Ли даргын өрөө лүү явж оров. Хүмүүс "очёр дайрлаа" хэмээн ам амандаа шуугилдан, нэг нь ухасхийж бүсгүй өнгөрөхдөө унагаасан зургийг их л сониучархан авч үзэв. Тэр зурагнаас магнай дээрээ сартай хээр даага унасан тав зургаан настай болов уу гэмээр балчир охины зураг том хар мэнгэтэй улаахан хацраа төвийлгөн инээмсэглэн харах аж. Замын хашлаганаас ногоо цухуйж ер бусын сайхан үнэр ханхална... Тэрэгний морь толгойгоо даах тэнхэлгүй болтлоо сульджээ. Гагцхүү хонь мэт тонгойн, эзний заасан зүг рүү бөг бөг шогшуулна. баруунаас зүүнтээ, зүүнээс баруун тийш ийнхүү өдөржин бөг бөг шогшуулсаар орой болоход түүнд ямар ч ачаа байхгүй атал чирч яваа муу модон тэрэг нь, бүр эзэн нь хүртэл хүнд санагддаг. Яг л хүнийх шиг аягаа дүүрэн нулимс мэлтэлзэх нүдэн дотор нь эх нутаг, ижил сүрэг нь эрхгүй харагдахад уяан дээр байх шиг хангинатал үүрсэх гэтэл дуу нь ч үл гарна. Маргааш нь дахиад л тэрэг дүүрэн ачаа чирэн бөг бөг шогшуулна... Харин өнөөдөр тэрэгний морь урьдынхаасаа илүү хөл хөнгөн, толгой дээгүүр урамтайхан шогшуулж явна. Учир нь тэр ногооны нялх ногооны үнэр ханхалах болсон хэд хоногийн өмнөөс эхлэн эх нутагтаа гүйх зөн төржээ. Үе үе уулын орой луу шилбэлзэн харж, тэндээс сэнгэнэж байгаа борооны чийгийг таатайхнаар үнэрлээд ташуураар хөдлөхөө нэгэнт больж намрын тарган аргамаг мэт дүүхэлзэн явна. Хээрийн зэрлэг салхи нурууных нь шархыг эдгээх мэт үлээж зоо нь тэнийсэн тэрэгний морь эх нутгийн зүг газар үнэрлэн гүйж явна. Эвдэрч нурах шахсан модон жүчээ, элдэвлэж загнан, харь хэлээр хараан үргэлж жанчдаг эзэн, хамт хашигддаг орлио саарал илжигний үнэр, чих дүлийрэм их хотын дуу чимээнээс ангижирч чихэнд нь унаган багадаа уудаг байсан шүд хага ташхийлгэм хүйтэн горхины хоржигноо сонсогдох шиг болов. Хотоос хөдөө рүү явах замын төгсгөлд хэсэг газар цардмал зам хагарч завсраас нь ногоо багсайтал ургажээ. Шинэхэн ногоо хазлан зогстол яах ийхийн зуургүй дуу чимээ ихтэй зүйл нүргэлэн ирж, толгойгоо өөд татаж амжааагүй байтал хүчтэйгээр мөргөж орхив. Тэртээ дээр харагдах том улаан нар үүлсийн цаагуур нуугдах мэт, эсвэл нүүрээ буруулах мэт далд оров. Машинаас хүмүүс шуугилдан бууж ирлээ. Нэг нь ойртон ирж толгойд нь гараа хүргэхэд түүний харгис эзнийх шиг хачин муухай үнэр ханхалж байв. Үл ойлгогдох харь хэлтэнүүдийн дундаас ганцаараа содон сонсогдох бүсгүй хүний хоолой түүнд хэзээний танил санагдлаа. Тэрээр толгойгоо өргөх гээд даасангүй, нүдээ арайхийн нээлээ. Нүдээ нээхэд түүний өмнө танил нүд, бас танил мэнгэ харагдав. Олон жилийн ч өмнө биш саяхан тэр ногоон дээлтэй, хацар дээрээ хар мэнгэтэй охин түүнд гар дээрээсээ чихэр идүүлдэг байсан. Уулын омголон салхин дундуур түүнийг нуруун дээрээ суулгаад агаар зүсэх мэт давхидаг байсан. Наадмын түрүү аваад магнайдаа сүү дусаалгахад тэр охин хажууд нь инээгээд айраг ууж байсан. Чухам яагаад охины аав түүнийг өөр хүнд өгснийг мэдэхгүй. Нэг л мэдэхэд тэрэгний морь болсон. Гэнэт тэнгэр дуугаран, энд тэндгүй гэрэл цахилж, огт оргүй хормын төдийд л бараантан хөмсгөө зангидсан эцэг хүн мэт хүрлийв. Морин дүрстэй цагаан үүл баруунтаа нүүж одлоо. Тэнгэрийн морь.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ