Лалын шашинтнуудын уур бухимдал газар авсаар байна
Лалын шашинт орнууд даяар АНУ-ын эсрэг эсэргүүцлийн давалгаа улам бүр газар авсаар байна. АНУ-д бүтээгдсэн "Innocence of Muslims" киноноос үүдэлтэй энэхүү эсэргүүцэл нь Ливи, Египетэд олон мянган хүнийгхамарсан ба улмаар Ливийн Бенгази хотод АНУ-ын элчин сайд амиа алдахад хүргэсэн юм. Тэгвэл сүүлийн өдрүүдэд эсэргүүцэл улам бүр өргөжиж Африкийн Ливи, Египет, Тунис, Судан, Алжир, Марокко, Ойрхи Дорнодын ихэнх улсууд төдийгүй, Афганистан, Пакистан, Бангладеш, Энэтхэгт хүртэл жагсагчид америкийн далбааг урж, шатаан элчин сайдын яам руу уулгалан дайрч байна. Лалын шашит орнууд төдийгүй Австрали, АНУ-д оршин суудаг мусульманчууд ч энэ эсэргүүцлийн давалгаанд нэгдэж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдэл хийж "Innocence of Muslims" киног буруушаасан ба тус улсын Засгийн газар энэ кинотой огтхон ч хамаагүй болохыг илэрхийлсэн билээ. Гэсэн ч мусульман шашинтнууд "Гэгээн Мухамедыг хамгаалья" уриан дор олон улс оронд жагсаал цуглаан зохион байгуулсаар. Египет, Ливи, Тунис зэрэг оронд эсэргүүцлийн хөдөлгөөнөөс үүдэлтэй амиа алдагсад, хохирогчдын тоо өссөөр байна. Эсэргүүцэгчид зөвхөн АНУ бус Их Британи, Герман, Франц зэрэг өрнөдийн гүрнүүдийн элчин сайдын яамд руу хүртэл дайралт хийжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ