Мөнгөний бодлогын зорилго нь чухам юу юм бол?
Манай улсын мөнгөний бодлого үр дүнгүй гэж шүүмжлүүлсээр удаж байна. Дэлхийн улс орнууд дийлэнхдээ мөнгөний бодлогыг хүүгээр дамжуулсан эсвэл инфляцийг онилсон гэсэн хоёр аргаар хэрэгжүүлдэг. Монгол Улс сүүлийн хувилбарыг сонгосон бөгөөд одоогийн байдлаар 27 улс орон үүнийг ашигладаг байна.
Ямар арга сонгосноосоо үл хамааран улс орнууд мөнгөний бодлогоо хэрэгжүүлэхийн өмнө зорилгоо буюу бодлого хэрэгжүүлснээр хүрэхийг зорьж буй эцсийн үр дүнгээ маш сайн тодорхойлсон байдаг. Тухайлбал, АНУ-ын төв банк нь хөдөлмөр эрхлэлтийг бүрэн хангаж, үнийн тогтвортой байдал, хүүгийн түвшинг зохих хэмжээнд байлгах замаар үйлдвэрлэлийг дээд хэмжээнд хүргэхүйц эдийн засгийн суурь нөхцлийг бүрдүүлэх зорилготой, үүний тулд мөнгөний болон зээлийн өсөлтийг удаан хугацаанд тогтвортой байлгана хэмээн тодорхойлжээ.
Харин манайд Монголбанкны тухай хуулийн 4-р зүйлд “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт - төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” хэмээн тусгасан байдаг. Төгрөгийн тогтвортой байдлын ойлголтыг дотор нь 2 янзаар тайлбарлах боломжтой юм, тухайлбал, төгрөгийн гадаад тогтвортой байдал гэдэгт төгрөгийн бусад валюттай харьцах ханшийг, харин дотоод тогтвортой байдалд хэрэглээний үнийн индексийн (ХҮИ) тогтвортой байдлыг ойлгоно гэж Монголбанкныхан тайлбарладаг. Үүнд дээрх хоёр зүйл нь эцсийн зорилго мөн үү, эсвэл валютын ханшны болон үнийн тогтвортой байдлыг хангах нь өөр эцсийн зорилгод хүрэх арга зам юм уу гэдэг нь ойлгомжгүй байдаг. Жишээ нь, 2012 оны төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд мөнгөний бодлогын гол санааг дунд, урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлт хэмээн бичжээ. Энэ тохиолдолд эдийн засгийн өсөлт нь эцсийн зорилго бөгөөд төгрөгийг тогтвортой байлгах нь түүнд хүрэх арга хэрэгсэл болж байгаа юм.
Мөнгөний бодлого зорилгодоо хүрч чадаж байна уу?
Монголбанкны тодорхойлсон хүрээнд мөнгөний бодлогын үр дүнтэй эсэхэд дүн шинжилгээ хийхийн тулд дээр тодорхойлсон 2 зүйлийг судалж үзэхэд хангалттай.
Энэ оны эхний улирлын байдлаар валютын ханшны өдрийн хэлбэлзэл дунджаар 0.27 орчим хувь байсан нь харьцангуй тогтвортой байгаагийн үзүүлэлт бөгөөд шаардлагатай тохиолдолд Монголбанк өөрийн нөөцийн арилжаагаар дамжуулан зохицуулалт хийж чадаж байна.
Харин инфляцийн тухайд, доорхи зургаас бодлогын хүү, инфляцийн түвшинд ямар нэг нөлөө үзүүлж байгаа харилцан хамаарал харагдахгүй байгаа юм. Хугацааны хоцролт байгааг тооцон үзсэн ч шууд нөлөөлөл байхгүй байна. Инфляциа онилсон бодлого үр дүнгээ өгөхгүй байхад нөгөө эцсийн зорилго болох эдийн засгийн болон жижиг дунд бизнесийн өсөлтөнд сөрөг нөлөө үзүүлж буй бодлого үргэлжлүүлэн явуулах нь төдийлөн оновчгүй нь ойлгомжтой.
Яагаад Монголын мөнгөний бодлого үр дүнгүй байна вэ?
Ониловч онохгүй байгаа нь хэд хэдэн шалтгаантай.
1.
Төсвийн эсрэг бодлого. Хамгийн илт байдаг нь төсвийн бодлого мөнгөний бодлоготой уялдахгүй байгаагаар тайлбарлагддаг. Үүнд Монголын эдийн засгийн бүтэц, мөн хэрэглээний хэв шинж үүнд нөлөөлдөг. Төсвийн ажилтнуудын цалин, өндөр настны тэтгэвэр тэтгэмж нэмэх, нийтэд бэлэн мөнгө тараах зэрэг нь мөнгөний хатуу бодлогын эсрэг үйлчилдэг.
2.
Эдийн засгийн тэлэлтийн үндсэн хүчин зүйл. Эдийн засгийн өсөлтийг авчирч буй гол салбар бол уул уурхай. Уул уурхайн дийлэнхи бизнес, төсөл нь гадаадаас санхүүжилтээ босгож үйл ажиллагаагаа явуулдаг тул мөнгөний бодлогын хумих хэрэгсэлд өртдөггүй. Уул уурхайн салбар эдийн засгийн 20 орчим хувийг эзэлж байна.
3.
Инфляцийн хүлээлт. Төсвийн тэлэх бодлогыг явуулахдаа олон нийтэд зарлаж түгээдэг нь инфляцийн хүлээлтийг нэмэгдүүлж, зарим тохиолдолд зохиомлоор үнийн хөөрөгдөлд хүргэдэг. Бэлэн мөнгөнд суурилсан эдийн засагт бизнесээр дамжихгүй эдийн засагт шууд бэлэн мөнгө нийлүүлдэг нь үнийн өсөлтөнд бараг нэн даруй нөлөөлдөг.
4.
Албан бус сектор. Мөнгөний бодлого нь банкны хүүгээр, мөнгөний нийлүүлэлтээр дамжин эдийн засагт нөлөөлөх механизмыг ашигладаг. Үүний нөлөөлөлд юуны өмнө албан сектор автдаг, харин албан бус сектор мөнгөний бодлогын нөлөөлөлд хамрахгүй байгаа юм.
5.
Санхүүгийн зах зээлийн бүтэц. Манай санхүүгийн зах зээл бүтэц банк давамгайлсан, хөрөнгийн зах зээлийн хөгжил дорой тул банкны гадуур санхүүжилт олох боломж муу. Улмаар банкууд бодлогын хүүг дагаад арилжааны хүүгийн түвшинг өсгөхөд өөр санхүүжилтийн боломжгүй компани, бизнесүүд хамгийн ихээр өртөнө.
6.
Хариуцлага хүлээх тогтолцоо тодорхойгүй. Мөнгөний бодлогыг Монголбанк боловсруулж тухайн жилийн үндсэн чиглэлийг, үүнд инфляцийн зорилтот хэмжээг УИХ- аар батлуулдаг. Инфляцийг онилох бодлого явуулдаг бусад орнуудад зорилтот түвшинг Засгийн газар, төвбанкны аль нэг нь, эсвэл хамтдаа тогтоодог. Улмаар Монголбанкны баримталсан бодлого үр дүнд хүрсэн эсэхийг шалгаж хариуцлага тооцох асуудлыг УИХ өөрөө хийх болдог. Үүнээс гадна Монголбанкны Захирлуудын зөвлөлийн гишүүд чухамхүү хэн нь ямар үндэслэлээр санал өгч бодлогын хүү тогтоосон нь мөн тодорхойгүй байдаг тул яг хэнтэй хэрхэн хариуцлага хүлээлгэх нь бүрхэг байна.
Эдгээрийг бодолцож ирээдүйд мөнгөний бодлого боловсруулах суурь тогтолцоонд өөрчлөлт оруулах, үндсэн чиглэлийг илүү тодорхой болгох нь зохистой.
Л.Бямбаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ