Авлигын хэргээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн ял аваад байгаа экс ерөнхийлөгч Н.Энхбаяр Клиникийн хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байгаа. Энэ хугацаанд түүний биеийн байдлыг хянах зөвлөх эмч нарын баг хүртэл гарсан. Харин намынхаа буянаар сайд болсон гэж яригдаж байгаа Эрүүл мэндийн сайд Н.Удвал “намынхаа даргаа гадаад руу эмчилгээнд явуулах шийдвэр гаргажээ” гэх яриа чих дэлсэх болсон юм. Энэ асуудлаар сайдаас тодруулга авлаа.
-МАХН-ын дарга Н.Удвал Эрүүл мэндийн сайд болоод эрх мэдлээ хэтрүүлж, Н.Энхбяр даргыг гадаад руу эмчилгээнд явуулах гэж байна гэх яриа гараад байна. Энэ үнэн үү?
-Тийм шийдвэр гараагүй. Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмч нарын комисс томилогдсон. Комиссын дүгнэлт надад ирсэн. Тэр дүгнэлтийг бид хууль зүйн сайдад явуулах ёстой. Комиссын дүгнэлтээр Н.Энхбаяр дарга олон эрхтэн системийг хамарсан эмгэг өөрчлөлтүүд, зарим нь эсийн түвшинд оношлох шаардлагатай гэсэн өөрчлөлт гарсан байна лээ. Яг одоогоор тэнд эмчлэнэ, энд эмчлэнэ гэсэн заалт эмч нарын комиссоос гараагүй байна. Цаашид гүнгийрүүлж шинжлэх шаардлагатай. Мэс заслын эмчилгээ, шаардлагатай оношууд ч гарсан юм байна.
-Ер нь гадаадад эмчлүүлье гэвэл тийм боломж байж болох уу?
-Эрүүл мэндийн сайдын тушаалаар Монголд эмчилж чадахгүй байгаа 27 өвчнийг гадаадад эмчлүүлэх заалт байдаг. Хэрвээ тэр 27 өвчин дотор Н.Энхбаяр даргын тавьсан эрүүл мэндийн байдлууд оношлогдвол гадаадад эмчлүүлэх боломж байгаа.
- Шүүхээс ял сонсоод хоригдож байгаа эсэх нь хамаагүй юу?
- Ер нь бол ялтан ч бай хүн. Ерөөсөө эрүүл мэндийн асуудалд дайсан, ангич, намч шинж чанар байдаггүй. Бусад шинжлэх ухаанаас нэг ялгаатай нь энэ байгаа юм. Тэр хүн хэн ч байсан амь нас, эрүүл мэндийг нь аврах үүрэг тангараг өргөсөн цагаан халаадтангуудад байгаа. Тиймээс бид нарт ялтан уу иргэн үү гэдэг ямар ч ойлголт байдаггүй. Хэн ч гэсэн эрүүл амьд явах эрхтэй. Тэгэхээр манай салбарынхан бүх хүнд жигд үйлчилдэг онцлогтой салбар юм.
Б.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ