
Өндөр сайхан барилгатай бүх төрлийн эмчилгээ үйлчилгээ санал болгосон хувийн эмнэлгүүд олширч байгаа билээ. “Гранд мед”, “Гурван гал”, “Баянгол”, “Ачлал”, “Сонгдо”, “Таны төлөө бид” гээд сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээд зэргийн орчинтой эмнэлгүүд шил шилээ даран баригдаж байна.
Хувийн эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар нь голдуу үдээс хойш үздэг байх юм. Үүдэнд нь 16-19 цаг хүртэл үзлэгтэй гэсэн цагийн хуваарь хадаатай хаалга олон харагдана. Эмч нар улсын эмнэлэгтээ үдээс өмнө, хувийнхдаа үдээс хойш ажилладаг жишиг тогтоод, нийгэмд дадал болжээ. Үдээс өмнө нь улсын эмнэлэгт үзлэг хийчихээд, үдээс хойш хувийнх руугаа явдаг. Хамгийн гол нь адилхан л нэг эмч үзэж байгаа юм чинь энд мөнгөөр үзүүлж байснаас эрүүл мэндийн даатгалаараа нөгөө эмнэлэгт нь очоод үзүүлэхэд хоёр өөр үр дүн гарч байгаа юм. Жишээ нь гэхэд 100 айлын арьс өнгөний эмнэлэгт нэг залуу үзүүлж л дээ. Мэнд ус байхгүй, шууд л нэр, хаяг асууж яасан гэсэн байна. Бие дээр юм гарчихлаа гэтэл гарсан байна гэж хэлэхээс өөрөөр үзлэг шинжилгээ хийлгүй хэдэн эм бичиж өгөөд, гүйцээ болоо гээд гаргаж. Салахын түүс болж ярьж байгаа хүмүүс цаанаасаа л хүйтэн байдаг шүү дээ, мань эрд эмч яг л ийм санагдаж. Маргааш нь хувийн эмнэлэгт хандахаар болж “Ачтан элит” эмнэлэгт очтол өчигдөр үзүүлсэн эмч нь төрөл арилжсан гэмээр сайхан аашилж угтсан байх юм.
Нэгэн хувийн эмнэлгийн даргатай уулзаж энэ талаархи бодлыг нь сонирхлоо. Эмч нар хоёр газар зэрэг ажиллаад байх юм. Цалин мөнгөнд л болдог байх даа гэтэл манайх хэчнээн сайн цалин амлаад ирэх эмч олдохгүй байна шүү дээ гэж урдаас хэлж байна. Улсын эмнэлэгт харъяатай байх нь хамаагүй амар. Биед нь ч, хариуцлагад нь ч амар. Улсын эмнэлэг ажил багатай шүү дээ. Харин хувийн эмнэлэг, бага хүнээр их зүйл хийлгэх гэдэг, тэгээд өвчтөнүүдийг дээд зэргээр хүндэтгэ гэдэг болохоор хариуцлагаас зугтаагаад манайд ирэх эмч олдохгүй байна. Олонхи эмч нар хоёр эмнэлэгт зэрэг ажиллаж байна. Улсын эмнэлгээсээ шууд гаръя гэвч болдоггүй, карьерт нөлөөлдөг. Улсын эмнэлэгт харъяатай байгаа нь тухайн эмчийн давуу тал бөгөөд мөнгө олох нэг арга. Нэг хагалгаа хийхэд хувийнхаас ч илүү халаасны мөнгө авна. Улсын эмнэлэгт эмч нарыг тогтоож байгаа зүйл бол ард түмэн. Ард түмэндээ сэтгэлтэйдээ биш, ард түмэн тэдэнд амь насыг минь аварлаа гэж мөнгө өгч байгаа болохоор. Энэ бол эрүүл үзэгдэл гэж байх юм.
Улсын эмнэлгээс гарахгүй байгаагийн шалтгаан энэ. Хувийнхад ажиллаж байгаа нь бас л мөнгөтэй холбоотой. Хийсэн эмчилгээ үйлчилгээнийхээ 10 хувийг авдаг эмч байхад тогтмол цалинтай нь ч байна. Хэн хэнийг хэрхэн цалинжуулах нь энд хамаагүй. Гэхдээ энэ хооронд хариуцлага алдвал яах вэ. Хувийн эмнэлэгт цагаар ажилладаг эмч алдаа гаргаж наанадаж хүний бие эрхтэнд нь ноцтой хохирол учруулж, цаанадаж амь насанд нь хүрвэл хэн хариуцлага хүлээх вэ. Урьж авчирсан эмнэлэг үү, уригдаж ирсэн эмч үү. Онцлог нь миний буруугаас танай хүн ингэлээ гэж хэлсэн эмч гараагүй болохоор ийм тохиолдол хэрхэн зохицуулах вэ гэдэг туршлага алга. Уг нь мэргэжлийн хариуцлагын даатгал гэж бий. Гэхдээ энэ даатгалд даатгуулсан эмч цөөхөн. Ядаж л эмч нарын буруугаас болж хэн нэгэнд хохирол учирсан байлаа гэхэд даатгалаас нөхөн төлбөр гаргаж өгнө.
Нэгдүгээр эмнэлгийн нүүр амны мэс заслын тасагт хандсан нэгэн эмэгтэй шүдний үрэвсэл, гаймарын хөндийн мэс засал хийлгэтэл хамрынх нэг талынх нь нүхийг битүүрүүлсэн тохиолдол байна. Тэгээд ингэчихжээ гээд эргээд хандтал хамар хоолойн тасаг хамрын нүх гаргана гээд гаргачихаж. Гэтэл хамар хоолойн тасаг нь 360 мянган төгрөгийн төлбөр төлж хамрын нүхээ гаргуул гэсэн байна. Энэ бол хариуцлагын тогтолцоо, ажлын уялдаа холбоо муу байгаагийн илрэл. Хоёр тасаг нь тус тусдаа эмнэлэг юм шиг загнаснаас бол эмэгтэй эрүүл мэндээрээ хохирч явна. Хувийн эмнэлэгт ийм асуудал гарлаа гэхэд дор нь шийднэ. Тэгэхээр хүн адилхан мөнгө төлж байгаа юм чинь хувийнхад нь хандалгүй яах вэ. Хамгийн гол нь нэг улсын гэсэн бичиг гаднаа хадсан эмнэлгийн эмч тэнд хагалгаа хийж байгаа юм.
Хувийн эмнэлэгт хандвал эргэлт өгөх гэж сувилагчийн гар харахгүй. Хар үүрээр ирж шинжилгээнд дугаарлахгүй, зөвлөх эмчид үзүүлэх гэж чилийтлээ хүлээхгүй. Улсын эмнэлэгт унжраад байсан эмч танд ямар ч чирэгдэлгүйгээр энд үйлчлэх болно. Учир нь та мөнгө төлж байгаа болохоор тэр.
Хоёр гурван газар зэрэг ажиллах нь олон улсад ч байдаг зүйл. Гэхдээ хэрхэн ажиллахыг нь хууль, дүрэм журмаараа зохицуулсан байдаг. Австралид гэхэд нэг эмч танай эмнэлэгт долоо хоногийн төдөн өдөр тэдээс тэд хүртэл ажиллана гээд хэд хэдэн эмнэлэгтэй гэрээ хийдэг байна. Улс, хувийн эмнэлэгт 70, 30-аар ч юм уу, 50, 50-иар гэрээлнэ. Тэр хэмжээгээрээ цалингаа тохирно. Тэгээд өөрийн хувийн туслахтай. Туслах нь та одоо тэр газар үзлэгтэй гэж сануулдаг. Харин манайд энэ мэт зохицуулалт хийсэн Яам тамгын газрын эрх зүйн баримт бичиг байхгүй болохоор хоёр эмнэлэгт зэрэг ажиллах нь хулгайн ажил болж байгаа юм. “Хоёр нутагтан” эмч нар зүгээр ч нэг “хоёр нутагтан” байгаад зогсохгүй, хоёр нутагтаа хоёр өөр ааш зан, үзлэг шинжилгээ хийж байгаа нь нууц биш. Зөвлөгөө нь зөв байж болох ч өвчтөнд үлдэх сэтгэл ханамжийн баталгаа байдаггүй. Энэ талаар олон эмчтэй уулзаж санал бодлыг нь сонирхтол бүх юм ний нуугүй хэлэхэд мөнгөтэй холбоотой гэж тайлбарлаж байна. Хэн мөнгө өгнө тэр хүнд илүү үйлчилнэ. Хуулиараа бол өвчтөн эмчээ өөрөө сонгох эрхтэй ч тэр сонгогдсон эмчид нь ямар нэгэн урамшуулал байхгүй. Үйлчилж байгаа эмчийн цалин мөнгө нь өвчтөнийг үзсэнээрээ нэмэгддэг тогтолцоо байдаггүй. Харин өдөрт 10 хүн үзэх ёстой гээд тоо тогтоочихдог. Барууны зарим оронд өвчтөн эмчээ сонгох эрхтэй бөгөөд сонгосон эмчтэй албан ёсоор төлбөр төлдөг тогтолцоо байдаг байна. Хэн ямар эмчид илүү хандана, тэр эмчийг илүү урамшуулдаг бол улсын эмнэлэгт ам сайтай иргэдийн тоо тэр хэрээр олширно байх.
Энэ хоёр газрын харьяаллаас болоод улсын, хувийн эмнэлгүүд тэмцэлдсэн байдалтай байгаа юм байна. Гэхдээ тухайн эмнэлгийн дарга нь эмчээ хоёр газар давхар ажиллахад ихээхэн эсэргүүцдэг аж. Хувийн эмнэлэг рүү хөвөн, бентээс эхлээд жижиг сажиг юм зөөлөө гэх мэтээр ад шоо үздэг гэж энэ асуудлаар эмч нартай уулзаж явахад учирлаж байв.
Нэг төрлийн үйлчилгээ хоёр өөр газар сууж байгаад өгч байгаа эмч нар хоёр өөр төрлийн ааш араншин гаргаж байгаа нь эцсийн дүндээ мөнгөтэй холбоотой болж таарлаа. Мөнгөнд дургүй хэн байх вэ, тангараг өргөсөн эмч хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тууштай тэмцэнэ гэдэг өгүүлбэрт ашиг хонжоо хайж болохгүй гэсэн санаа байхгүй. Хуучин социалист орнуудад эмч нартаа маш өндөр цалин өгдөг бөгөөд тэр хэмжээгээрээ хариуцлага ногдуулдаг. Тогтмол цалин өгөхгүй гэвэл хийснээр нь цалинжуулдаг тогтолцоотой орон ч байх. Тэгэхээр нэгэнт бий болсон үзэгдлийг аль болохоор хууль журамдаа оруулаад, зохицуулалт хийж өгөх нь хэрэгтэй болж байна. Хувийн улсын гэсэн хоёр талаас тэрсэлсэн байдалтай байгаа өнөөгийн нөхцөлд юу чухал вэ. Улсын эмнэлгийн зөвлөх эмч хувийн эмнэлэг байгуулаад ажиллах ёсгүй гэсэн дүрэмгүйгээс цааш үүнд эрхзүйн зохицуулалт чухал болж байна.
Харин энэ сарын 12-19-ний хооронд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хэчнээн эмч хувийн хувьсгалын ажлыг давхар хийж байна вэ гэдгийг шалгах юм байна. Тэд “хоёр нутагтан” эмч нарт судалгаа хийж, дүгнэлт гаргах гэнэ. Дүгнэлтийн дараахь ажил ямар байхыг харж л сууя.
Л.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ