Египетэд хуванцар саваар био түлш хийх туршилт хийж байна

img

Египетийн Азза Фаяад хэмээх 17 настай “эрдэмтэн” хаягдал хуванцар эдлэлээс биотүлш гарган авах туршилт хийж байна. Энэ төрлийн туршилт нь зардал багатайгаас гадна хямд төсөр ажээ. Тэд шинэ санааныхаа талаар бусад үеийн хүүхдүүдэд сургалт явуулж эхлээд байна. Тэдний үйлдвэрийн процесс маш энгийн. Эхлээд хаягдал хуванцар сав эдлэлийг тайрч жижиглэгч машинаар буталж үртэс болгоно. Дараа нь химийн урвал явуулна. Египетийн хуулиар эрдэм шинжилгээний лабораторид зөвхөн тухайн чиглэлээрээ магистр эсхүл докторын эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс ажиллах ёстой. Гэсэн ч Египетийн нийслэл Каир хотод байрлах эрчим хүч гарган авах институтын лабораторийн удирдлагууд эрсдлийг үл тоон шинжлэх ухаанд дуртай 17-хон настай охиныг ажиллуулахаар зориг шулууджээ. Ингэснээр тэд лабораторидоо кальцийн бентонитыг ашиглан үртэс болгосон хуванцарыг биотүлш болгох туршилт хийж эхэлжээ.  Египет улс ойролцоогоор жилд 1 сая тонн орчим хуванцар хаягдал гаргадаг аж. Тиймээс энэ түлш нь зардал багатай, түүхий эдийн олдоцод санаа зовохооргүй эд гэнэ. Багаасаа л хүн байгальд хэрэгтэй ямар нэг зүйл хийж бүтээх юмсан гэж мөрөөддөг байсан Азза Фаяадын туршилт амжилттай болбол байгаль орчинд ч тустай. Мөн  өдөр ирэх тусам ховордож үнэ нь нэмэгдэж байгаа эрчим хүчний үүсвэрээ ч өөрсдөө хангаж болох юм байна. АНУ Египетээс бараг 30 дахин илүү их хог гаргадаг. Тэгэхээр түүний санаа аль ч улсад хэрэг болж болох юм байна. Цаашлаад байгаль дэлхийгээ хамгаалж, хоггүй байх эрмэлзэлтэй хүн бүрийн хувьд энэ нь тустай ажил юм. Одоогоор Азза Фаяадын бүтээл Европын залуу эрдэмтдийн уралдаанд орж байр эзэлсэн байна. Н.Эдди

СЭТГЭГДЭЛ БИЧИХ