
Азийн хүчирхэг эдийн засагтай улс орнууд Зүүн Хятадын тэнгис дэх арлын маргаанаас болж түнжин хагараад байна.
Ялангуяа Японы засгийн газар Японоор Сенкаку, Хятадаар Дайюу гэх хүн амьдардаггүй, маргаантай байгаа арлуудын гурвыг худалдан авах шийдвэр гаргасан нь гал дээр тос нэмсэн хэрэг болж Хятадын эрх баригчдын дургүйцлийг хүргээд байна.
Японы ерөнхий сайд Ёшихико Нодагийн мэдэгдэж байгаагаар “Сенкаку арлыг улсын мэдэлд авснаар хоёр улсын маргааныг шийдвэрлэж, бүс нутагт тогтвортой байдлыг үүсгэнэ.
Мэдээж Дундад улсын засгийн уг шийдвэрийг эсэргүүцэж байгаа ч Япон улс Хятадтай аль болох ойлголцож, асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, цаашлаад стратегийн түншлэлээ бэхжүүлэх сонирхолтой байгаа” хэмээжээ.
Японы мэдэгдлийн дараа Дундад улсын гадаад хэргийн сайд олон улсын дүрэм журмыг зөрчлөө хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Хонконгийн үндсэрхэг үзэлтнүүд Сенкаку арал дээр зөвшөөрөлгүйгээр газардаж хоёр улсын маргааныг улам хурцатгасан билээ. Японы үндсэрхэг үзэлт улс төрчид ч мөчөөгөө өгөлгүй Сенкаку арал дээр газардсан.
Япон болон Өмнөд Солонгос улсууд /японоор Такешима, Солонгосоор Докто/ нэгэн чулуурхаг арлыг өөрсдийнх гэж зарласан нь хоёр улсын дипломат харилцаанд сэв суулгаад байгаа. Олон арван жил үргэлжилж байгаа маргаантай арал дээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мун Бак хүрэлцэн ирж, хуучин Солонгосын далбаанд хүндэтгэл үзүүлсэн.
Тэрээр Японы эзэнт гүрэн Солонгосыг колоничлож, эзлэн захирч байсандаа уучлалт гуйж, өөрсдийн гэж зарлаад байгаа маргаантай арлуудаас савраа татахыг шаардсан байна.
Харин Японы ерөнхий сайд ноён Нода хариу мэдэгдэл хийж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхийн оронд дураараа аашилж байгаа Солонгосын ерөнхийлөгч Ли Мун Бакийг уучлалт гуйхыг шаардсан байна.
Азийн улсуудын маргаантай байгаа арлуудын орчимд газрын тос, байгалийн хий илэрсэн нь эдгээр улсуудын маргааны цаад учиг хэмээн ажиглагчид үзэж байна.
Маргаантай байгаа арлууд нь Японы эзэнт гүрний үед булаан эзлэгдсэн. Гэхдээ тэдгээр нь тухайн үед гэрээ хэлэлцээрээр японы мэдэлд шилжсэн арлууд юм. Харин Японы эзэнт гүрэн дэлхийн 2-р дайнд ялагдсаны дараа арлууд хэнийх болох нь тодорхойгүй болж маргаан эхэлсэн юм.
Н.Эдди
СЭТГЭГДЭЛ БИЧИХ