Ливерпулийн фанатуудын үхэлд цагдаа нар буруутжээ

img

1989 онд Английн хөл бөмбөгийн түүхэнд байгаагүй эмгэнэлт явдал болж Ливерпуль багийн олон олон фанатууд амиа алдсан хэрэг явдал болсон юм.

Тэгвэл Их Британийн эрх баригчид Хиллсборогийн хэргийг дахин сөхөж, буруутай этгээдийг олон нийтэд зарласан байна. Тухайн үед Хиллсборо цэнгэлдэх хүрээлэнд Ливерпуль багийн 20 мянга орчим хөгжөөн дэмжигчид Шефелд Вэнздэй багтай халз тоглох багаа дэмжихээр хуран цуглаад байсан юм.

Гэтэл тэмцээний үеэр гэнэт эмх замбараагүй байдал үүсч хүмүүс сандралдаж эхэлсэн. Цагдаа нар цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалгыг нээсэн боловч үймж сандарсан хүмүүс цэнгэлдэх хүрээлэнгээс гарах гэж тэмцэлдсэнээс бие бие дээрээ гишгэн, шахцалдаж 96 хүн амиа алдсан билээ. Эмгэнэлт явдлын бурууг цагдаа нар болон зохион байгуулагчдад тохоод байна.

Учир нь цагдаа нар үймсэн олныг зохицуулж, аюулгүй байдлыг хангаагүй, хаалгыг түргэн нээж хүмүүсийг хурдан хугацаанд гаргаж чадаагүй юм. Мөн тэмцээний зохион байгуулагчид ч багтаамжаас хэтэрсэн их үзэгч оруулсан зэргээр буруутаад байна.

Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерун анх удаа тэмцээний зохион байгуулагчид болон цагдаа нарын буруутай үйл ажиллагаанаас болж олон хүн амиа алдсанд уучлалт гуйжээ.

Хууль хяналтын ажилчид 450 хуудас бүхий нотлох баримтыг бүрдүүлж, зохион байгуулагчид үймсэн олныг зохицуулж чадаагүй алдаа гаргасан гэж дүгнэжээ. Цагдаа нар хөгжөөн дэмжигчдийг согтуу байсан, хэт хөөрч доргисон, зориуд эмх замбараагүй байдал үүсгэсэн, цагдаа нарын шаардлагыг хүлээж аваагүй гэж үзэгчдийг буруутгаад байсан юм.

Харин өнгөрсөн лхагва гаригт тус эмгэнэлт явдалд цагдаа нар болон зохион байгуулагчид буруутай гэсэн шийдвэр гаргасан нь олны таалалд нийцжээ.

Н.Эдди

СЭТГЭГДЭЛ БИЧИХ