УИХ дахь МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Батцэрэгээс тодрууллаа.
- Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэв?
-
УИХ-ын ээлжит бус чуулган завсарлах гэж байгаатай холбогдуулан ээлжит бус чуулганы явцад байнгын хороо, нэгдсэн хуралдаан дээр шийдэгдсэн асуудалд бүлгийн улс төрийн зорилго, зорилт хэрхэн биелэсэн талаар гишүүд санал солилцсон. Өөрөөр хэлбэл, Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт манай намын амлалт тусгагдсан эсэхийг ярилцлаа.
Түүнчлэн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилоход “Шударга ёс” эвслээс ямар байр суурьтай байх вэ гэдгээ тодорхойлсон.
Ээлжит бус чуулган завсарлахаар гишүүдийн хийх ажлын талаар хэлэлцлээ.
- Орон нутгийн сонгуулийн тухай хуульд эвслийн зүгээс ямар нэмэлт өөрчлөлтийг оруулав?
- Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг батлахын өмнө зургаан зүйлд бид зарчмын зөрүүтэй байгаагаа илэрхийлснээс тавыг нь зөвшилцлийн явцад хуульд тусгасан.
- Төсвийн тодотгол дээр МАН-аас саналын хувьд зөрүүтэй байсан. Үүн дээр эвслийн зүгээс ямар тайлбар хийх вэ?
- Бид хамтарсан Засгийн гаар байгуулсан болохоор төсөв дээр байгаа хүндрэлийг хурдан даван туулах үүднээс тодотголыг батлах нь зүйтэй гэдэг байр суурь баримталсан. Монгол Улсын 2013 оны төсөв, нийгэм эдийн засгийн төлөвлөгөөг оруулж ирэхдээ Засгийн газар нилээн нухацтай ажиллана байх гэсэн хүлээлттэй бий.
Дашрамд дурдахад,
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдэд “Шударга ёс” эвслээс Монголын зохиолчдын хорооны дарга Г.Мөнхцэцэг, “Боролдой” студийн захирал, УИХ-ын даргын зөвлөх Б.Мягмар, Бөхийн холбооны ерөнхийлөгч М.Нямдорж, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Амгаланбаатар, гавьяат тамирчин Ц.Шаравжамц, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, “Нээлттэй нийгэм форум”-ын Ц.Ганболд, Төрийн шагналт зохиолч Б.Догмид нарыг гишүүдийн олонхын саналаар дэмжсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ