Орон нутгийн сонгуульд шаардлагатай мөнгийг 6.6 тэрбумаар баталлаа

img

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны "А" танхимд боллоо. "Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай" болон "Зардлын хэмжээг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслүүд, "Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудал, "Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцсэн юм. “Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай" УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцсэн ч байнгын хорооны хуралдаанд СЕХ-ны төлөөлөл оролцоогүй учир санал хэлэх хүн байсангүй. Тиймээс энэхүү асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүд үзлээ. Үүний дараа Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Хуульд заасны дагуу орон нутгийн сонгуулийн зардал болох 6.6 тэрбум төгрөгийн 5.2 тэрбумыг улсын төсвөөс гаргаж өгөх юм. Мөн хуулинд нэг зүйл нэмэгдэж орсон нь  сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг бүртгэх, татах болон бусад зардлыг төрийн захиргааны байгууллага хариуцах тухай асуудал бөгөөд энэ зардал нь дээр дурьдсан 5.2 тэрбумд багтаагүй ажээ. Тиймээс Орон нутгийн сонгуульд шаардлагатай  үлдэгдэл 1.4 тэрбум төгрөгийг  Орон нутгийн төсвөөс гаргуулах юм байна. Угтаа бол, Орон нутгийн сонгуульд 9.2 тэрбум төгрөг шаардлагатай байсан ч Сангийн яам үүнийг төсвийн тодотголд оруулахдаа хорогдуулсан байна. Улмаар орон нутгийн сонгуульд 6.6 тэрбум төгрөг зарцуулах болсныг УИХ-аар хэлэлцэхээр боллоо. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ