
АНУ болон Хятад улсууд сансар огторгуйг эзэмшихийн төлөө ид өрсөлдөж байна. Сансар судлалын технологиор дэлхийд тэргүүлэгч АНУ одоогоор 400 гаруй хиймэл дагуул сансарт хөөргөөд байгаа. Ангараг гариг дээр “Сониуч” нэртэй өөрөө явагч хөлөг буулгаад байгаа гэдгээрээ одоохондоо сэм авгынх сансрын технологийн тэргүүллээ алдаагүй.
Сансар огторгуйг эзэмшихийн төлөөх өрсөлдөөнд гуравдагч гүрэн болж гарч ирж буй Дундад улс оросын технологи дээр тулгуурлан хэд хэдэн удаа пуужин хөөргөж америкчуудыг сандаргаад байгаа. Сандрах болсон шалтгаан нь Дундад улс сансраас хүссэн байгаа түвэггүй онох чадвартай болох юм. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшээд байгаа Митт Ромни Дундад улсыг доромжилж, басамжилж байгаа юм шиг, эсхүл АНУ-ыг хэт магтаж байгаа ч юм шиг мэдэгдэл гаргаж байна.
Тэрээр “Дундад улс саран дээр хүн буулгахаар төлөвлөж ажилдаа шамдан ороод байгаа. Тэд сансрын технологийн гайгүй туршлага хуримтлуулна биз. Тэдэнд амжилт хүсье! Гэхдээ америкчууд тэр саран дээр чинь 42 жилийн өмнө очсон шүү дээ. Хятадууд саран дээр буугаад АНУ-ын 40-өөд жилийн өмнө хатгасан далбааг олж харах байх” гэжээ. Энэ мэдэгдэл нь хятадуудын дургүйг хүргэсэн нь мэдээж.
Хятадууд энхийн зориулалатаар пуужин хөөргөж байгаа гэж мэдэгддэг. Гэхдээ америкчууд тэгж үзэхгүй байна. АНУ-ын Батлан хамгаалах яам Дундад улсыг цэрэг стратегийн зориулалтаар пуужин хөөргөж байна гэж хардаж байгаа. Учир нь БНХАУ 2007 онд сансар огторгуйд байгаа байг устгах зориулалтаар сансар луу пуужин харваж болох юм гэж мэдэгдэж байсан нууц задарсан билээ.
АНУ-ын Батлан хамгаалах салбарын мэргэжилтэн Майкл Паскагийн үзэж байгаагаар хятадууд сансар огторгуйг эзэмшвэл Ази тивд хүчний харьцаа алдагдах юм. Учир нь тэдний харилцаа холбоо, мэдээллийг олж авах чадвар эрс дээшлэнэ.
Тиймээс АНУ Хятад улсыг өөрсдийн гэсэн хиймэл дагуултай болохоос өмнө ямар нэг арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрэх юм байна. АНУ-ын олон жилийн сансар судлалаар дэлхийд тэргүүлэгч гэсэн байр суурь удахгүй алдагдаж магадгүй болжээ.
Н.Эдди
СЭТГЭГДЭЛ БИЧИХ