
“Өмгөөлөгч” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Ц.Галбадрахыг найз нөхөд, ойр дотныхон нь элдэвтэй хүн гэж тодорхойлов. Сэтгүүлзүй болон уран зохиолын салбарт өөрийнхөө мөрийг үлдээж “Би багадаа” цуврал ном, “Бадрангуй”, “Задгай тэнгэр” шүлгийн номоороо танигдсан тэрбээр өчигдөр Монголын өмгөөлөгчдийн холбооны байранд “Хар цагааны дэнс буюу өмгөөлөгчдийн хөрөг” уран хайчилбарын анхны үзэсгэлэнгээ нээлээ.
Монголчууд уран хайчилбарын төрлөөр 1950 оноос бүтээл хийж эхэлсэн гэдэг. Харин энэ төрлийн үүслийг ярьвал хадны сүг зургаас эхлэх магадлалтай. Мэргэжлийн хүмүүсээс ч багагүй ур ухаан авьяас шаардах уран хайчилбарыг сэтгүүлч залуу оролдлогоороо сурж, өдгөө уран бүтээлчийн энд хүрчээ.
Хөрөг уран хайчилбарын үзэсгэлэн Монголд анх удаа гарч буй юм билээ. Үзэгчдийн болон “эздийнхээ” харааг булаан 50 гаруй өмгөөлөгийн хөргийг багтаасан үзэсгэлэнгийн эзэн Ц.Галбадрахтай цөөн хором ярилцлаа.
-Та уран хайчилбар хийгээд хэдэн жил болж байна вэ?
-15 жил болжээ. Анх 1995 онд оюутан болж ирээд хоттой танилцаж яваад Төв шуудангийн өмнө хавтас дүүрэн хайчилбар жуулчдад үзүүлж зогссон ахтай таарсан. Тэр ах гадаадын хүмүүст бүтээлээ үзүүлж “Ингээд хайчилдаг юм” гэхчлэнгээр ярьж байхыг нь сонсоод сонирхож эхэлсэн. Гэртээ ирээд хөдөөний хүүхэд болохоор адуу мал, аргаль, янгир хайчлах гэж оролдлоо. Ингэж явсаар 2003 онд манай эгчийн хүү “Спорт заал тохижуулах гэсэн юм. Та бодит хүний төрхийг хайчилж болох уу” гэсэн санал тавьсан. Тухайн үед олимпийн наадамд оролцсон тамирчдын хөргийг хайчилж өгөөд явуулж байлаа. Түүнээс хойш урлаг, соёл, спортын алдартны хөрөг олныг хайчилсан.
Би 2006 оноос эхлэн “Өмгөөлөгч” сэтгүүлийг эрхлэн гаргаж байгаа юм. Маргааш (өнөөдөр) өмгөөлөгчдийн өдөр тохиож байгаа болохоор Монголын зуу зуун өмгөөлөгчдийн төлөөлөл болсон 57 хүний хөргийг хайчилж үзэсгэлэн гаргалаа.
-Уран хайчилбар хийхэд хэдий хэрийн хугацаа шаарддаг вэ?
-Янз бүр. Зарим хүний нүд, хамрыг гаргахад л тодроод ирдэг юм. 10-15 минутад ч гарна.
-Өөрийнхөө хөргийг хайчилсан уу?
-Үгүй. Үзээгүй юм байна. Ер нь ойр дотныхоо хүмүүсийнхийг хайчилж байсангүй.
-Таны хамгийн том уран хайчилбар хэдий хэрийн хэмжээтэй билээ?
-Нэг ам метртэй бий.
-Та хүмүүсийн захиалгаар уран хайчилбар хийдэг үү?
-Одоо захиалга ирдэг болсон шүү. Уржигдар гэхэд дуучин Д.Болдын менежер залуу түүнд бэлэглэх гээд хайчилбар хийлгээд явсан.
Түүний анхны уран хайчилбарын үзэсгэлэнг нээж Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвням үг хэлсэн. “Манай өмгөөлөгчдийн дунд ийм нэгэн авьяаслаг сэтгүүлч залуу байдаг. Ур чадвар авьяасаараа өөрийгөө баталсан энэ залуугийн бүтээлийг харахад сайхан байна. Дандаа царайлагуудыг нь хайчилчихсан байна” хэмээн хошигноод өөр, өөрсдийнхөө хөргийг худалдан авах санал гаргасан. Дараа нь танхимд цугласар зочдын дунд Ц.Галбадрахын хоёр бүтээлийн дуудлага худалдаа болсон юм.
“Жаргалын найман морь” уран хайчилбарыг 100 мянган төгрөгөөс дуудаж, Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвням нэг сая төгрөгөөр худалдан авсан бол “Амидо бурхан” хайчилбарыг 200 мянган төгрөгөөс дуудаж өмгөөлөгч Батсүх 1.299.000 төгрөгөөр худалдан авсан юм.



Ж.Солонго
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ