
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар "Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулсан. Энэ үер УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэлцэж буй асуудлуудыг шүүмжлэн “Дандаа л урьд өмнө хэлэлцэж байсан хуучин асуудлуудыг сөхөөд байна. Энэ хэвшмэл сэтгэлгээнээсээ салаач.
Одоо цоо шинэ хэв маягаар ажиллах шаардлагатай байна шүү дээ. Нэг намын түрэмгийлэл арай дэндэж байна. МАН-ын бүлэг байгуулах тухай асуудал хөсөр хаягдсан. Гишүүдийнх нь гаргасан санал хүсэлт ч талаар болж байна. УИХ-ын ээлжит бус чуулганыг дахин хуралдуулж, энэ асуудлуудыг шийдэх хэрэгтэй.
Үүгээр ч зогсохгүй, орон нутгийн иргэд маань аймгийн засаг даргаа өөрсдөө сонгох эрхтэй улс. Энэ тал дээр ч та бүхэн анхаарч үзэх ёстой” гэж бухимдлаа. Улмаар эл яриагаа үргэлжлүүлэн ярихыг хичээсэн ч УИХ-ын дарга З.Энхболд “Хэлэлцэж буй асуудлаасаа хазайхгүй шүү” хэмээн анхааруулсан. Улмаар бусад гишүүд санал бодлоо хэлэлцэж Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ