
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй ОНРТ-ийн тухай хуулийн 21.5, 7-р зүйлийн дагуу Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудал гишүүдийн анхаарлыг ихэд татжээ. Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудлаар гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар Үндэсний зөвлөлд томилохоор сонгосон хүмүүсийн нэрсээс зарим нэгийг нь онцлон авч, чамгүй шүүмжилсэн. Үүнээс гадна хэд хэдэн гишүүн санал бодлоо дуулгаж, МҮОНРТ-ийн тухай хатуухан үг унагав.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хэвлэл мэдээлэл гэдэг хэн нэгний захиалгаар хөдөлдөг зэвсэг байж болохгүй. Ард иргэдэд үнэн, бодит мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэж байж л жинхэнэ утгаа хадгална. Гэхдээ миний бодлоор, МҮОНРТ-д хүүхэд залууст нэн хэрэгцээтэй шинжлэх ухааны нэвтрүүлэг дутмаг байна. Ардчилал, зах зээл, хууль ёс гэх мэт иргэний сэтгүүл зүй рүү чиглэсэн нэвтрүүлэг хийж, үзэгчдэд оюуны боловсрол өгөх хэрэгтэй. Зардал мөнгө, орон зай, боловсон хүчин хангалттай байгаа юм чинь түүх, шинжлэх ухааны сэдэвтэй кино, нэвтрүүлэг хийх бүрэн боломж байна шүү дээ. Бусад телевизээс хөрөнгө санхүү, боловсон хүчний хувльд хамаагүй илүү мөртлөө ядмагхан зүйл хийх нь ичгэвтэр” гэсэн юм.
УИХын гишүүн Г.Баярсайхан “Америкт лав улсын телевиз гэж байхгүй. Энэ олон телевизээс хамгийн том сантай, улсаас их татаас авдаг нь МҮОНРТ. Гэвч гаргаж байгаа прогррам, далайцаараа бусад телевизээс ялгагдахгүй байна. Энэ их хэмжээний мөнгийг үнэхээр ард түмний итгэл найдварыг хүлээж чадсан. Тэнцвэртэй мэдээлэл гаргаж байгаа телевизүүдэд тодорхой шалгуурын дагуу олгох ёстой. УИХ, Ерөнхийлөгчөөс МҮОНРТ-д хүн оруулна гэдэг нь ямар нэгэн байдлаар улстөржих үндсийг тавьж байна. Улсын телевиз нь төрийн мэдэлд байна гэдэг чинь татвар төлөвгчдийн мөнгийг улстөржихөд зориулан нэг байгууллагад хийж байгаа гэсэн үг. Үндэсний зөвлөлд томлогдох хүмүүсийн дунд нэр нөлөө бүхий улс байгааг би дэмжинэ. Гэхдээ цаашид энэ телевиз байх эсэх асуудлыг нээлттэй хэлэлцүүлгээр шийдэх хэрэгэтэй” гэж ярилаа.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ