
"Тэнгис” кино театрын хажууд барьж байгаа барилгын найман давхраас төмөр унаж, 25 настай залуу амиа алдсан хэрэг өчигдөр гарсан.Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Удирдах зөвлөлийн ээлжит бус хуралдаан болж сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Нийслэлийн засаг даргын захирамжийн хүрээнд зөвшөөрөлгүй барилгуудыг нэрлэсэн. Үйл ажиллагааг нь зогсоохыг мөн үүрэгдсэн.
Гэтэл энэ барилга яагаад жагсаалтад байхгүй байгаа, зөвшөөрөлгүй барилгуудад арга хэмжээ авахгүй байгаа гээд бүх асуултын хариу нь МХЕГ-тай холбоотой, ажил үүргээ гүйцэтгэхгүй байна хэмээн Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл хэлсэн. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Батжаргалд зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагааг өөгшүүлсэн гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагааг таслан зогсоохыг үүрэг болгож, хүний амь нас эрсдэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн албан тушаалтнуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэв. Харин Мэргэжлийн хяналтын газрынханд зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагааг зогсоож, цахилгааныг нь таслах даалгавар өглөө.
Харин МХЕГ-ын зүгээс тус байгууллагын хүн хүч хүрэлцэхгүй байгаа бөгөөд хэрэг болсон уг барилгыг зөвшөөрөл авсан, харин тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй гэсэн.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ