
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд хэлэлцэж буй Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах төслийн тухай асуудалд гишүүд хатуу байр сууринаас хандаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Нийт гэрээний нөхцөл байдлыг судалж, хөрөнгө оруулагч талуудтай ярилцана гэсэн чинь ямар учиртай юм бэ. Ингэж эзэнгүйдүүлж, юу ч биш болгох хэрэггүй. Оюутолгойг онцолж, зөв гольдрилд нь оруулж чадвал бусад ордыг ч анхааралдаа авч чадна.
Тэгэхгүй бол хэдэн гишүүн битгий хэл, УИХ ч дийлэхээргүй том даваа болж хувирлаа, энэ гэрээ чинь. Энэ олон утгагүй, хууль бус гэрээнээс ядаж нэгийг нь барьж аваад гайгүй болгочихмоор байна. Хоттой хонинд орсон чоно шиг бүгдийг нь сэглэх аюултай цаг аль хэдийнэ ирсэн шүү дээ. Үүнээс гадна Оюутолгойн гэрээг боловсруулахад оролцсон хөндлөнгийн эксперт, шинжээчдийг зааж өгөөч. Өнөөдөр цээжээ дэлдсэн улстөрчид ингэж дураараа авирлав уу, аль эсвэл үндэсний болон олон улсын экспертүүд ажилласан хэрэг үү.
Тэр “мундаг” гэрээ боловсруулсан олон улсын зөвлөхүүдээ зааж өгөх хэрэгтэй. Чононд хонь хадгалуулсан юм шиг ийм муу гэрээ хийсэн тэднийг юу ч мэдэхгүй улс л гэж хэлмээр байна” гэж бухимдлаа. Түүний араас гишүүд тус тусын байр суурийг илэрхийлсэн бөгөөд газрын баялгаа гадныханд ашиглуулсныхаа төлөөсөнд 800 сая ам.долларын өртэй хоцорсон гашуун сургамж давтагдаж болзошгүй гэдгийг сануулах хүн ч байсан юм.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ