
УИХ ын ээлжит бус чуулганы үдээс хойших хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Б.Бат Эрдэнэ гишүүн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх талаар 25 гишүүн гарын үсэг зурж, шаардлагаа хүргүүлсэн ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулахгүй, шахалтаар хасаж байгаа нь зүйд нийцэхгүй байгааг илэрхийлсэн бол, С.Ганбаатар гишүүн Оюутолгойн гэрээг өөрчлөхийг ард түмэн хүсч байгааг уламжлан дэмжлэг авахыг эрмэлзэв. Харин Л.Энх Амгалан гишүүн үйлдэрлэлийн талаар мөрийн хөтөлбөрт оруулсныг дэмжээд төр хувийн хэвшлийн талаар ямар бодлого баримтлах, Хүний хөгжил сангийн хөрөнгийн менжментэд хэрхэн тусгаж байгаа талаар асуулт тавив.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх зарчмын зөрүү гарсан тохиолдолд нэгдсэн чуулганаар хэлэлцэхээс өөр аргагүй. Учир нь байнгын хороогоор гишүүдийн 3.2 хувь нь дэмжсэн байна” гэлээ. УИХ-ын С.Бямбацогт “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу бид өөрсдийнхөө өмчийг ашиглуулснаар гадныханд 800 сая ам.долларын өртэй болж байгаа. Энэ нь явсаар зургаан тэрбумын өртэй болно. Үүнийг өөрчлөхийг бид шаардаж байгаа. Яагаад бид гэрээг сайжруулж болохгүй гэж” хэмээн асуув. Харин С.Баярцогт гишүүдийн яриаг хэтэрхий улстөржсөн гэж үзээд уг гэрээний талаар ойлголт муутай байна гэж дүгнэсэн юм. Ингээд “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” төслийн талаар гишүүдээс санал хурааж 75.4 хувийн саналаар дэмжлээ. Ийнхүү УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэнээр ээлжит бус чуулганыг өндөрлүүлэв.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ