Сүүлийн үед барилгын салбарт аваар осол их гарах боллоо. Үнэхээр ч Монгол Улсад амьд явах баталгаа алга болж байна. Зарим барилгын ажилчид нь хөдөлмөр хамгаалллын аюулгүй байдлаа бүрэн хангаагүйгээс болж аваар осол гаргаж байгаа. Сүүлийн үед баригдаж байгаа барилгын хажуугаар зүгээр л нэг явж байсан хүн хүртэл барилгын материалд дарагдан нас барах нь энгийн үзэгдэл болох нь ээ. Энэ сард Монгол Улсын барилгын салбарынхан барцад ихтэй байгааг та бид өдөр бүр л телевизээр харах боллоо. Сүүлдээ төрийн ордны хашааны плита хүртэл унаж хажууд нь байсан хүүхдийн тархийг хагаллаа. Гайхмаар ч юм шиг эргэлзмээр ч юм шиг ийм үзэгдлүүд өдөр бүр гарч байна. “Мухар сүсгээр” ярьвал Монголчууд нэгэн зэрэг хийморийн сан уншуулж, барилгачид нь гай барцдыг гадагшлуудаг ном уншуулах цаг ч болсон байж мэднэ. Гэхдээ энэ бүх аваар ослыг олонх иргэд шууд л Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан ажлаа хийж чадахгүй байгаатай холбодог. Тиймээс бид МХЕГ-ын дарга Р.Содхүүтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа.
-Энэ сард л гэхэд зөвхөн барилгын салбарт маш олон аваар осол гарч байна. Энэ юунаас болоод байна? Эсвэл танай байцаагчид ажлаа хйиж чадахгүй байна уу?
-Барилгын аваар осол бол ихэнхдээ дэд бүтэц, барилга, байгууламж, зам гүүр, техникийн аюулгүй байдалтай холбоотой. Энгийнээр хэлбэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг. Манай МХЕГ-ын хяналт тавьдаг нэг гол чиглэл нь яах аргагүй энэ салбар байдаг. Бид байгууллагууд хуулиа хэрэгжүүлж байна уу, үгүй юу гэдэгт хяналт тавьж ажилладаг. Түүнээс биш танайх хуулиа хэрэгжүүл гэдэг байгууллага биш. Үүнийг тодруулбал мэргэжлийн хяналтын байгууллага барилгын аюулгүй байдлыг хянаж барилга бариулдаг, барилгын инженер бишээ. Харин иргэд үүнийг буруу ойлгоод, буруу юм яриад байна. Эцсийн байдлаар ослын шалтгаан тодорхой болоогүй байхад л хэн нэгнийг буруутгах гээд яриад байх юм. Ер нь бол барилга барих гэж байгаа мэргэжлийн лицензийг нь барилгын яамнаас авсан барилгын байгууллага, барих гэж байгаа барилгынхаа аюулгүй байдлыг хангахын тулд хуулийн заалтаар мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж, мэдэгдэх үүрэгтэйг ойлгох хэрэгтэй болж байна.
-Саяхан Хурд хорооллын “Рапид харш” барилгыг барьж байсан барилгын компанийн кранчин залуу нас барлаа. Юунаас болоод, яагаад кран хугарсан юм болоо? Эцсийн байдлаар шалтгаан нь тодорхой болсон уу?
-Энэ асуудал дээр манай байгууллагынхан барилга баригдахаас өмнө тухайн барилгынхан хэрэглэх техникт нь зөвлөмж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл тэр барилгын компанийнхан кранаа угсарчихаад манайд ханддаг. Ингээд бид хэдэн метрийн өндөр, хичнээн килограммын жинтэй юм өргөж болох вэ гэдгийг нь хэлж өгдөг. Дээрх тохиолдолд манай байцаагчид акт тогтоогоод 800 кг-аас дээш юм өргөж болохгүй гэж хориг тавьж, техникийн зөвлөмж өгсөн байхад 4000 кг-ийг өргөсөн байна лээ. Ийм тохиолдолд мэргэжлийн хяналтын буруу юу? Та бүхэн бодоод үз дээ. Монголд боссон барилга бүхний хажууд мэргэжлийн хяналтын байцаагч очоод хөөе чи, 800 кг-ийг өргө, 4000 кг-ийг өргөж болохгүй гээд зогсож байхуу? Тэгээд ч Монгол Улсын хуулийн хүрээнд төр засгаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтнүүд үүргээ биелүүлэхгүй байгааг л өнөөдөр гарч байгаа зөрчил харуулж байгаа юм. Энийг л бид хэлэх байна.
- Анзаараад байхад энэ намар энд тэндгүй л барилга босчихжээ. Энэ бүгд зөвшөөрөлтэй юм уу? Бараг бүгд шахуу баригдаад дуусах гэж байгаа юм шиг л харагдах юм.
- Манайхан ерөөсөө зай л гарвал хулгайгаар юм хийх гэдэг нэг ийм муу зуршилтай болчихжээ. Энэ зан нь монголчуудыг хөгжилтэй орны хүмүүсээс хоцрогдож байгааг харуулж байгаа нэг илрэл. Болж л өгвөл хяналт аюулгүй байдлыг зөрчиж аюултай байдал бий болгох тэр зам руу өөрсдийгөө чирч явдаг нэг ийм хүндэвтэр улс юмаа. Уг нь бол Мэргэжлийн хяналтын байгууллагатайгаа шинжлэх ухаанч үзэлтэй орнууд нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ эсвэл нэг шинэ үйлчилгээ явуулах, нэг шинэ гүүр барихдаа л мэргэжлийн хяналт руу өөрсдөө хандаж ирдэг. Харин манайхан бол аль болох л ерөнхий сайдаасаа нууж байгаад бариад авах юмсан гэдэг болжээ. Товчхондоо “Shuud.mn” сайтынханд шууд хэлье. Монгол Улсад 4 жилийн дотор нэг сонин жил байна аа. Ерөөсөө 3 сараас эхлээд 9 сар хүртэл хууль номгүй, Монголын ямар ч хуулийг зөрчдөг, дур зоргоороо аашилдаг, хулгайгаар бизнес хийгээд авах оролдлого энэ жил буюу сонгуулийн жилд ихэсдэг юм байна. Тиймээс сонгуулийн жилийг сонгуулийн бус жилээс илүү чанга дэглэмтэй болгох хэрэгтэй юм байна гэж бодогдож байна. Би төрийн байгууллагад олон жил ажиллаж байгаа. Хууль баталдаг байгууллагад нь 10-аад жил ажиллалаа. Аймаг суманд бас л хэдэн жил болжээ. Гэтэл МХЕГ гэдэг байгууллагын даргаар ажилласнаасаа хойш үүнийг ёстой нэг мэдэрч байна.
-Энэ зовлонг мэдэрч байгаагийнх ажлаа сайн хйихийн тулд яаж сайжруулья гэж бодож байна даа?
- Хавар болохоор л тэнд ч зулзган мод огтлоод, энд нь ч голын хөвөөн дээр алт ухаад, шөнөжингөө барилгачид нь ажлаад ёстой нэг зовлон их байна аа. Дөрвөн цагийн улиралтай монголчууд бид хавар гэсэх, намар хөлдөх хоёрын хооронд хамаг ажлаа амжуулж авдаг заяатай улс. Тэгээд хавар, зун нь сайхан зугаалж байгаад намар оволзоод унадаг. Байшингаа ч барих гээд, гэрээ ч барих гээд, ногоогоо ч хураах гээд, тариагаа ч хураах гээд... тэгээд л яарч сандарч байгаад дандаа осолд аваар гаргачихдаг. Тиймээс юмыг ярихдаа төр засгийн томчуул нь ч тэр, жирийн ард иргэд, мань мэт нь ч тэр энэ юмаа л эртнээс бодож хйиж баймаар байна. Монголд гарч байгаа аваар ослын ихэнх нь намар гарч байна. Энэ бүгдэд л анхаармаар байгаа юм. Би Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хувьд хоёр том ажлын хэсэг гаргаад ажилд нь оруулчихаад байна. Яг дээрх чиглэлүүдээр шалгалт хйиж дуусаад жинхэнэ буруутай эзэн нь хэн бэ гэдэг нь тогтоогдоно. Тэрнээс наана хэн нэгэн хүний үзэмжээр буруутан тогтоогдохгүй. Бүр цаашилбал шүүх, хууль хяналтынхан л буруутай эзнийг нь тогтооно шүү дээ. Гэхдээ манай салбарт алдаа дутагдалтай зүйл байгааг би хаацайлж өмгөөлж байгаа юм биш. Хариуцлагагүй муу ажилтнаа өмгөөлж байгаа хэрэг биш юм шүү. Тиймээс шалгалтын дараа миний хувьд эцсийн шийдвэрээ яаж гаргах талаар та бүхэнд мэдэгдэх болно оо.
Б.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ