Улаанбаатар хотноо Хөх хотын соёлын өдрүүд үргэлжилж байна. Энэ удаад олон салбарт манай хоёр орон хамтран ажиллаж байгаагийн нэг нь эрүүл мэндийн салбар юм. Улс орны хөгжлөө дагаад сүүлийн жилүүдэд онош нь тодорхойгүй элдэв өвчлөл гарах болсон. Энэ бүхнийг уламжлалт анагаах ухааны аргаар эмчилж болно гэдгийг Хөх хотоос ирсэн эмч нар хэлж байлаа. Ингээд бид ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлгийн хорооны цусны өвчний тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Чинсарнайтай уулзсан юм.
-Сайн байна уу? Улаанбаатар хот таалагдаж байна уу?
-Сайн сайн байна уу? Соёлын өдрүүдийн хүрээнд уламжлалт анагаах ухааны 10 гаруй эмч танай Монгол оронд ирээд байна. Бид чинь ойрхон хэрнээ танай оронд нэг ч удаа ирж байгаагүй. Монгол хөгжиж байгаа сайхан орон юм байна.
-Танай Хөх хотоос ирсэн эмч нар бүгд уламжлалт анагаах ухааны эмч нар уу?
-Тиймээ. Өвөрмонголын төв болох Хөх хотод олон улсын Монгол эмнэлгийн хороо гэж байгуулагдсан. Энэ нь 58 тасагтай. Том эмнэлэг байгаа. Эмчилгээний 80 хувь нь монгол уламжлалт анагаах ухааны аргаар өвчтнүүдээ эмчилдэг.
-Энэ удаад та бүхэн монголчуудыг үнэгүй оношилж байгаа. Хүмүүс хэр их хандаж байна?
-Маш их хүн ирж бидэнд үзүүлж байна. Надад үзүүлсэн хүмүүсийн олонх нь эмэгтэйчүүд байлаа. Тэдний хувьд бөөр, нуруугаар нь өвддөг өвчин зонхилдог юм байна. Мөн гар дээр нь бор толбо үүсэх өвчтэй хүн ч цөөнгүй байлаа.
-Бор толбо гэж юу вэ?
-Толбо гараад байгааг чинь Монгол анагаах ухааны хэллэгээр бол “Бор толбот цусан өвчин” гэж оношилж байна. Арьсан дээр нь бор толбо гарснаар гэдэс нь өвддөг эсвэл үе мөчөөр өвддөг цусны өвчин юм.
-Ер нь сүүлийн үед Монгол Улсад цусны өвчин улам залуужих болж байгаа л даа. Танай хөх хотод ч гэсэн энэ өвчнөөр өвдөх хүмүүс хэр их байдаг вэ?
-“Бор толбот” цусны өвчин хүүхэд багачуудад их тохиолддог өвчин. Хүн төрөлхтөний амьдрал сайжрахын хэрээр химийн гаралтай бүтээгдэхүүн идэж уух нь ихэсч байгаа. Үүнээс болж цусны өвчин ихэсч байна. Манай хятадад л гэхэд цусны өвчин тэргүүлэх зэргийн өвчлөл болчихоод байгаа. Тодруулж хэлбэл тэргүүлэх зэргийн өвчлөлийн дөрөвдүгээрт явдаг. Цусны өвчин үүсэхэд нөлөөлж байгаа бас нэг шалтгаан бол агаарын бохирдол болон орчны бохирдол болж байна.
-Цусны өвчнөөс бид хэрхэн сэргийлж болох вэ?
-Юуны өмнө хүүхэддээ идүүлэх хүнсний бүтээгдэхүүндээ анхаарах хэрэгтэй. Химийн гаралтай өнгө будаг, бодис орсон ундаа өгөхгүй байх хэрэгтэй. Үүний дараа өвчнөө зөв оношлуулах хэрэгтэй байна гэж зөвлөмөөр байна.
-Уламжлалт анагаах ухааны аргаар цусны өвчнийг анагаах боломж байгаа юу ?
-Цусны өвчин олон төрөл байдаг. Тэр бүгдийг уламжлалт эмчилгээгээр анагаах боломж байгаа. Өвчнийхөө хүнд хөнгөнөөс шалтгаалж хугацаа их орно. Хөнгөн өвчтнүүдийн тухайд хамгийн багадаа л гурван долоо хоног хэрэгтэй. Манай олон улсын Монгол эмнэлгийн хорооныхон бол энэ өвчнийг дан ганц монгол эм тангаар л эмнэдэг.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
-Баярлалаа.
Б.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ