Орон нутгийн сонгуулиас өмнө бүх иргэнийг цахим үнэмлэхжүүлнэ

img

Улсын бүртгэлийн ерөнхий газраас УИХ-ын сонгуулийн өмнө иргэний үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн, хүчингүй болгосны улмаас зурагтай лавлагаа авсан сонгуулийн насны 132 мянган иргэний цахим үнэмлэхийг хэвлэн харьяа аймаг, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсүүдэд хүлээлгэн өгсөн билээ. Тэгвэл үүний дараа долдугаар сарын эхээр цахим иргэний үнэмлэх хэвлэх, түгээх олгох ажил эхэлсэнтэй холбогдуулан одоогийн байдлаар Говь-Алтай, Дундговь, Говь-Сүмбэр, Хэнтий, Дорноговь, Дархан-Уул,  Өмнөговь, Завхан, Ховд, Увс, Дорнод, Төв, Хөвсгөл, Баянхонгор, Булган,  Завхан, Орхон, Сүхбаатар аймгийн иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэж дуусгасан байна. Харин Нийслэлээс Баянзүрх, Баянгол  дүүргийг  хэвлэж дуусчээ. Хэвлэлтийн хувьд эхлээд хаягийн шилжилт хөдөлгөөн бага байдаг орон нутгаас эхэлж байгаа бөгөөд нийслэлийн иргэдийн цахим үнэмлэхийг түүний дараагаар хэвлэлтэд оруулах төлөвлөгөөтэй байна. Харин түгээлт, олголтийн хувьд орон нутагт бүсчилсэн маршут гарган хүргэхээр бэлтгээд байна. Энэ дагуу өнөөдрийн байдлаар дээрх хэвлэсэн аймаг, дүүргийн иргэдийн цахим үнэмлэхийг хүргүүлээд байгаа бөгөөд Говь-Алтай, Дундговь, Говь-Сүмбэр, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Завхан, Ховд, Увс, Дорнод, Сүхбаатар, Төв аймгууд сумддаа хүргүүлжээ. Одоогийн байдлаар Дархан-Уул аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэх ажил үргэлжилж байгаа юм байна. Орон нутгийн иргэдийн иргэний үнэмлэхийг энэ сарын 25-ны өдөр, нийслэлийн иргэдийнхийг ирэх сарын 1-ний өдөр хэвлэж дуусгах бөгөөд 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор буюу  аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох 2012 оны сонгуулиас өмнө Монгол Улсын иргэн бүрийг цахим үнэмлэхжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Харин аймаг, нийслэлийн иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэх үед ямар нэгэн алдаанаас болж хэвлэгдээгүй үлдсэн иргэдийн цахим үнэмлэхийг нягтлан шалгаж, иргэний бүртгэлийн зөрчлийн улмаас хэвлэгдээгүй үнэмлэхийг хэвлэж, олгох ажлыг энэ оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 14 хоногт багтаан дуусгахаар болжээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ