
Хэрвээ мөргөлдөөнд АНУ хөндлөнгөөс оролцвол БНХАУ-ын байдал эвгүй болно. Манжуурын хэрэг явдлаас хойш 80 жилийн дараа хоёр тал мөргөлдөх шалтаг дахин олов бололтой. Японы эсрэг цаашид ямар ч алхам хийх эрхтэйгээ БНХАУ-ын эрх баригчид сануулжээ. Энэ нь Зүүн Хятадын тэнгис дэх маргаантай Сэнкаку (хятад нэр нь Дяоюйдао) арлын асуудал хурцадсантай холбоотой юм.
Арлуудыг хятадууд нээсэн ч, ХIХ зууны эцсээр Хятад, Японы анхны дайны дараа арал Японы өмч болжээ. Дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсаныхаа дараа Япон улс энэ нутаг дэвсгэрийг эзэмших эрхээ алдаж, арал АНУ-д шилжсэн байна.1970-аад онд тус улс эдгээр арлыг япончуудад буцаан өгчээ. Одоо таван арлын нэг нь л тэдний мэдэлд байгаа юм. Хамаг учир энэ нутагт агуулагдаж байгаа далд боломж, тодруулбал шатдаг хий, нефтьтэй байх боломжид оршиж буйг хэвлэлд тэмдэглэж байна. Тэгэхлээр энэ нь эх оронч санаа бодол гэхээсээ, эдийн засгийн ашиг сонирхол болж таарч байгаа юм.
Хятадын Батлан хамгаалахын сайд Лян Гуанле даваа гаригт хэвлэлийн хурал дээр хэлэхдээ, Японтой хийж байгаа маргаан ямар ч байдлаар эргэж болох бөгөөд мөргөлдөөнийг цэргийн хүчээр шийдэхийг үгүйсгэх аргагүй юм гэж мэдэгдсэн байна. Түүний мэдэгдсэнээс үзвэл, Хятадын тал энэ маргааныг шийдвэрлэх зорилгоор Японы Засгийн газартай үр бүтээлтэй хамтран ажиллана хэмээн найдаж байгаа ажээ.
Телевизийн NHK сувгийн мэдээлснээр, маргаантай арлуудын хооронд байгаа Хятадын эргүүлийн 11 хөлөг онгоцны дор хаяад хоёр нь Японы нутаг дэвсгэрийн усан хилийг давсан байна. Японы эргийн хамгаалалтын албаныхан өндөржүүлсэн байдалд байгаа их түрцийн эргүүлийн долоон хөлөг онгоцыг Сенкаку арлын хавьд байрлуулжээ. Эдгээр хөлөг онгоц БНХАУ-ын загас агнуурын асар том флотилыг угтан тосохоор бэлтгэж байгааг хэвлэлд дурдаж байна. .
Хятадын тал ч өөрийн загасчдын аюулгүй байдлыг хангахаар амлажээ. Ямартай ч япончууд нөхцөл байдлыг хурцатгахгүйн тулд дээд зэргээр болгоомжтой байхыг бодож байгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Энэ завсар Хятад улсад Японы эсрэг олон мянган хүний жагсаал болж, эсэргүүцлийн ажиллагаа бүр 100 хотыг хамраад байна. Шанхай хотод гэхэд л 16 мянга гаруй хүн жагсчээ. Мянга гаруй хүн Бээжин дэх Японы Элчин сайдын яамны дэргэд эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Хууль сахиулах байгууллагынхан хэв журмыг сахиулахад анхаарч байгаа аж.
1931 оны Манжуурын хэрэг явдлын ой өчигдөр болсон бөгөөд энэ нь байдлыг улам хурцатгаж байна. Хятадын жагсагчдын нэг сэтгүүлчдэд хэлэхдээ “Бид тулалдахад бэлэн байгааг тэдэнд харуулах яг тэр мөч ирлээ” гэж мэдэгджээ .Эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчид Японы эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахыг улс орныхоо эрх баригчдаас шаардаж байна.
С.Золбоо









СЭТГЭГДЭЛ БИЧИХ