
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар ОНРТ-ийн тухай хуулийн 21.5, 7-р зүйлийн дагуу Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн долоон гишүүнийг томилсон. Зургаан жилийн хугацаатай удирдах албан тушаалд заларсан шинэхэн гишүүдийн зарим нь өчигдөр Төрийн ордонд явж харагдсан. Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам хэвлэлийнхэнээс дөлж “Одоогоор яг ажлаа хүлээж аваагүй болохоор юугаа ч хэлэх билээ. Тодорхой шийд нь гараагүй байгаа учраас дараа тайлбар өгье” хэмээн өөртөө итгэлгүйхэн хэлээд мөрөө хавчин одов. Харин Л.Пүрэвдорж, С.Мягмар, А.Арман нар өөрсдийн сэтгэгдлийг хуваалцаж, тус телевизэд шинэлчлэлт хийх хэрэгтэй гэсэн юм. Тухайлбал,
Л.Пүрэвдорж: -Хуучны хэв маягаасаа салж чадахгүй байгаа ийм телевиз үнэндээ бусдын элэг доог болж байна. Улсаас тодорхой хэмжээний хөрөнгө санхүү авч байж энэ олон хувийн телевизээс илүү гардаггүй юмаа гэхэд ядаж эн зэрэгцэж ажиллаж чадахгүй байгаа нь ичгэвтэр хэрэг. Үнэндээ ийм маягаар цаашид ажиллах юм бол тэдний дор орно гэсэн үг.
С.Мягмар: -Сайн нэвтрүүлэг цөөхөн байгаа. Үзэгчдийг өөр юугаараа дэлгэцийн өмнө “уях” билээ. Нэг л их олон хүн бужигнасан, хөрөнгө мөнгө цацсан газар байгаад байдаг. Хийж бүтээсэн нь нүдэнд харагдаж, гарт баригдахгүй. Нэгдсэн бодлого, тодорхой менежмент хэрэгтэй байгаа нь яалт ч үгүй үнэн. Реклам сурталчилгаа багатай болохоор нь сэтгэл хангалуун явдаг ч, үзчих олигтой нэвтрүүлэг гэхээр юм тун ховор байгаа нь харамсалтай.
А.Арман: -Бид шинэ үеийнхэндээ зориулан тэдний хэрэгцээ, шаардлагад тохирсон үр өгөөжтэй ажил хийж явах ёстой. Залууст зориулсан ганц нэг чөлөөт нэвтрүүлэг, хөгжмийн сувгийг нь эс тооцвол, энд олигтой ер алга. Хуучин арга барилаасаа салаагүй, шинэ үеэ нухчин дардаг хэдэн нөхдөөс болоод шинэ хэв маяг, хөгжил дэвшил хийж чадахгүй байна шүү дээ. Тиймээс тус телевизийн Үндэсний зөвлөлд сонгогдсон гишүүд санал бодлоо нэгтгэн ажиллаж чадна гэдэгт найдаж байна.
Ийн эрс шийдэмгий хариултаараа МҮОНРТ-д зоримог алхам хийхээр шийдсэн шинэхэн гишүүд бие биедээ урам өгсөөр гарч одсон юм. Юутай ч, хэвлэл мэдээллийн салбарт монополь эрхтэй байсаар ирсэн эл телевизийн өнгө төрх, хэв маяг хэрхэн өөрчлөгдөж, хэвшмэл байдлаасаа салахыг харах л үлдлээ.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ