
Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахаар идэвхтэй тэмцэж буй УИХ-ын гишүүдийг Б.Бат-Эрдэнэ толгойлж явна. Тэрбээр өчигдөр болсон УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанд уг асуудлыг хэлэлцэх үед ганцхан саналын зөрүүнээс болж татгалзсан хариу сонсоод дараагийн алхмаа хийхээр шийджээ.
Угтаа бол, Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагад гарын үсэг зурсан зарим гишүүд хэлсэн амандаа хүрээгүй аж. Энэ тухай эрхэм гишүүн “Уг нь чуулганы хуралдаанд хэлэлцэж буй асуудлын талаар санал хураахад тухайн хүн гарсан, орсон нь хамаагүй. Ирцээс хамааран санал хураах үед байгаагүй гишүүдийг эсрэг байр сууринаас авч үзэн, саналыг тоолох журамтай.
Гэтэл энэ зарчим Оюутолгойн гэрээний асуудлыг ярих үед ер хэрэгжихгүй юм. Би өчигдөр чуулганы хуралдаанд энэ талаар үг хэлэхээсээ өмнө УИХ-ын даргаас асуусныг та бүхэн харсан байх. З.Энхболд дарга ч энэ зарчим хэвээрээ гэж байсан. Гэтэл санал хураах үед эсрэгээрээ болсон шүү дээ.
Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагад гарын үсэг зурсан зарим хүн намынхаа хайрцагт баригдаж,татгалзсан хариу өглөө. Үнэндээ бол тэд намын даргынхаа далайлтад дальдирсан хэрэг. Мөнгө аргагүй л хүчтэй юм даа” гэж өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Тэдгээр гишүүдийн тоонд Н.Батбаяр, Г.Баярсайхан, Ц.Болор нарын нэрс ч байжээ.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ