
Нэгэн үе манай олны танил уран бүтээлчид хүмүүнлэгийн сан байгуулж, хүүхдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх хүслээр бадарч явсан ч өдгөө энэ талаар бараг дуугарахаа больж. Хүүхэд ч үгүй, хүмүүнлэгийн сан ч алга. Арлын оронд сурч боловсрохын сацуу уран бүтээлээрээ олонд танигдаж явсан дуучин Д.Оюунтүлхүүр тухайн үед өөрийн нэртэй хүмүүнлэгийн сан байгуулж байсан нь бий. Амьдралын боломж муутай хэдэн айлд тусламжийн хувцас хунар тарааж, бяцхан сурагчдыг хичээлийн хэрэгсэлтэй болгож байсан дуучин бүсгүй энэхүү хүмүүнлэгийн ажлаа төдийлөн удаан үргэлжлүүлсэнгүй.
Гавьяат жүжигчин Т.Ариунаа НҮБ-ын хүүхдийн элч дуучин гэх хүндтэй алдрыг зүүж явсан болохоороо хүүхдэд зориулсан уран бүтээлээр занималдаж, зарим уран бүтээлчийг хүртэл хүмүүнлэгийн үйлст уруу татсан. Хаана хүүхэд харагдана, тэнд Т.Ариунаа явж байдаг тийм л дүр зураг хүмүүсийн сэтгэлд хоногших шахсан гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ. “Ариун сэтгэл” сангийнхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан нэлээд хөл хөдөлгөөнтэй явсан гавьяат маань сүүлийн хэдэн жил мөн л хүүхдүүдээ мартсан хүмүүнлэгийн элч дуучин болж хувирах нь тэр. Ийн хүүхдийн төлөөх хүслээ орхисон түүний залгамж халааг О.Анхбаяр гардан авч, хүүхдийн элч дуучин болов.
Мань эр нэг хэсэг Улаан загалмай нийгэмлэгийн арга хэмжээнд үзэгдэх төдий явж байсан ч, дуучин Б.Халиунаатай гэрлэснээс хойш дуу хоолой нь илт чангараад ирсэн. Хандивын тоглолт хийж, асрах төвүүдээр зочилсон дуучин хос нэлээд олон хүмүүнлэгийн ажил хийсэн гэж өөрсдийгөө сурталчилдаг. Үнэн хэрэгтээ нүдэнд харагдаж, гарт баригдахаар зүйл төдийлөн харагддаггүй гэхэд хилсдэхгүй. Тэдний араас зүтгэсэн олны дотор гавьяат жүжигчин Б.Сарантуяа, дуучин Ану, beatbox Ray зэрэг нэлээд хэдэн уран бүтээлч багтжээ.
Харин хүүхдийн төлөө “За” гэж хэлэхээр зүтгэсэн оддын зүтгэл төдийлөн тууштай байж чаддаггүй нь юутай холбоотой бол. Магадгүй, уран бүтээл болон хувийн ажлаасаа шалтгаалаад энэ асуудалд тэр бүр анхаарч амждаггүй гэж ойлгож болох юм. Хүүхдийн нэрээр түрий барьж өөрийгөө сурталчилсан олны танил эрхмүүдээс чухам хэдийд энэ “үлгэр” нь биеллээ олохыг асуухаар “За, даа. Тэгж байгаад л нэг юм хийнэ дээ” хэмээн улаан цайм мэлздэг. Ёстой л өнөө, гавьяат жүжигчин С.Жавхлангийн “Чи минь байгаа хойно” дуунд гардаг шиг “Болно доо, болно” гээд хээвнэг сууж байдаг улс даа. Нэр нь ч бараг сонсогдоогүй шахам хүмүүнлэгийн сан байгуулснаа ярьж, энэ тэр газарт очиж ганц хоёр бэлэг гардуулах гэж буйгаа сүр болгон зарлаад хэвлэлийнхнийг дуудаж буй хүн ч тэдний дунд мэр сэр бий. Өнөө цагт санаа зовоож буй олон асуудлын нэг нь яах аргагүй хүүхэд мөн.
Гэхдээ хэн дуртай нь тэдний нэрийг барьж санааны зоргоор чалчиж, элдэв сурталчилгаа хийх нь утгагүй зүйл. Яагаад гэвэл, хүүхэд бол хэн нэгний нэр хүндээ өсгөх, өөрийгөө ичгүүргүй сурталчлах халхавч биш шүү дээ. Үнэхээр тэгж хойч ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө санаа зовниж, чин сэтгэлээ зориулах хүсэлтэй юм бол хэлж ярьсан шигээ хийж чаддаг байгаасай. Хэтдээ бүтэхгүй амлалт, хоосон ярианы хавчуурганд хүүхдийг битгий ашиглаасай гэж хэлмээр байна даа.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ