
1990 ээд он. Дэлгүүрийн лангуун дээр давс, шүдэнз хоёроос өөр зүйл байхгүй байсан үе. Энэ үед урлаг сонирхогчид театрт очиж тоглолт үзэх гэхээсээ илүү тэр мөнгөөрөө ганц талх авч гэртээ харихыг боддог байсан. Харин өнөөдөр Монгол Улс газар доорх баялгаараа дэлхийн анхааралд орж, тэр хэрээрээ нийгэм, эдийн засаг ч сайжирч эхэллээ. Үүнийг дагаад мэдээж урлагийн байгууллагууд өргөжин тэлж байна. 1990-ээд оны үеийн хүнд хэцүү цагт татан буугдаж, хаалгаа барих шахсан театр, урлагийнхан одоо л нэг хөл дээрээ тогтож байгаа. Энэ хэрээрээ өнөөдөр монгол аялгуугаа сонсч, урлагт бүхнээ зориулах сэтгэлтэй хүмүүийн тоо нэмэгдэж байна. Монгол Улсад мэргэжлийн урлагийн 1500 орчим уран бүтээлч байдаг. Тэд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, “Түмэн Эх”, “Сарны чулуу”, “Улаанбаатар” чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, орон нутгийн чуулга, театр гээд нэрлээд олон байгууллагад харьяалагддаг.
Хэдүүлхнээ хэрнээ хэдэн сая хүн хүн оролцсон олон улсын наадмаас цойлж гарч ирэх нь олон. Энэ мэтээр мэргэжлийн уран бүтээлчдийн чадвар дээшилсэн учраас театрт очиж тоглолт үзэх үзэгчдийн тоо нь ч нэмэгдэж байгаа болов уу. Энэ талаар ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч Д.Ганболдоос тодрууллаа.
Тэрээр ярихдаа, 1990-ээд оны хүнд хэцүү үед олон ч чадварлаг уран бүтээлч “гахай” үүрч, ганзагын наймаачин болсон. Харин өнөөдөр манай салбар эрчимтэй сэргэж эхэлсэн гэж бодож байгаа. Үүний нэг илрэл нь чуулгад тоглолт үзэх хүмүүсийн тоо юм. Нэг хэсэг зөвхөн жуулчид л сонгодог урлагийн тоглолт үздэг байсан бол харин одоо монголчууд хүч түрж, ардын урлагаа сонирхдог болсон гэлээ. Энэ бол сайхан мэдээ. Гэхдээ уран бүтээлчид дор бүрнээ л энэ хэрэндээ чармайгаад байгаа ч цаана нь салбар хариуцсан сайд нь ямар бодлого барьж байгаа талаар бид тодруулахыг хүссэн учраас Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй уулзлаа.
А: Танаас мэргэжлийн уран бүтээлчид их олон шинэ зүйл хүсч байгаа байх. Та мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих талаар, театр, чуулгыг хөгжүүлэх талаар ямар бодлого барьж ажиллах вэ?
Х: Улсын төсвөөс төвлөрсөн арга хэмжээний санхүүжилт хэлбэрээр бага зэргийн санхүүжилт олгодог. Гэхдээ ихэнх санхүүжилт, тусламж дэмжлэг болон соёлыг санхүүжүүлдэг хандивлагчид, соёлын арга хэмжээг үзэж байдаг үзэгчдийн билетийн орлогоос санхүүжиж байдаг. Тийм учраас бид үзэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх, хөтөлбөрүүдийг олон нийтэд нээлттэй байлгах, зах зээлд мэргэжлийн уран бүтээлчдийн мэдээллийг ил тод байлгах тал дээр нэлээд шинэчлэл хийж ажиллах гэж байгаа.
А: Тэгэхээр одоо соёлын мэдээлэл нууц байгаа гэсэн үг үү?
Х: Одоохондоо соёлын мэдээлэл нууц биш мөртлөө бас ил биш байдаг. Хаанаас мэргэжлийн дуучныг захиалж, ямар арга хэмжээнд оруулах вэ, хаана мэргэжлийн хамтлаг байна, хаана мэргэжлийн хөгжмийн хамтлаг байна гэдгийг тэр бүр иргэд мэддэггүй. Тийм учраас бид өвлийн болон зуны урлагийн хөтөлбөрийн зах зээлийн мэдээллүүдийг гаргахаар төсвөө гаргаад явж байгаа. Ирэх оны төсөвт төлөвлөж оруулж байгаа зүйлүүд батлагдвал хамгийн эхний ээлжинд урлагийн хөтөлбөрүүдийн мэдээллийг ил тод байлгах замаар урлагийг санхүүжүүлдэг үзэгчдэдээ урлагийн мэргэжлийн хөтөлбөрийг ойртуулна гэж бодож байгаа.
Ер нь 2000 оноос хойш мэргэжлийн урлагийн байгууллага сэргэж эхэлсэн. Сэргэсэн гэдэг нь театр, чуулгад очиж тоглолт үзэх хүний тоо нэмэгдсэн юм. Харин одоо тэрхүү хүнд хэцүү үеийг даван туулсан уран бүтээлчдээ төр, засгийн зүгээс дэмжих бодлого боловсруулах хэрэгтэй байна. Урлагийнхан өөрсдөд нь зориулсан шинэ бодлогыг шинэ яамны шинэ сайдаасаа хүлээж сууна.
Б.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ