
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах, сайжруулах санал гаргасан гишүүд УИХ-ын ээлжит бус чуулганаар ганцхан хувийн саналаар ялагдсандаа ихэд бухимдуу яваа. Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж, Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахын төлөө эрчимтэй тэмцэнэ гэж том дуугарч байсан зарим гишүүд усанд хаясан чулуу шиг таг чиг болсон нь ёстой л “Даарин дээр давс үрнэ” гэгчийн үлгэрийг сануулсан.
Аргагүйдэж хоцорсон журмын нөхөд нь том амласан “толгойгүй” гишүүдийнхээ нэрийг зарлаж, гомдлын нулимс “унагасан”. Тухайлбал, дуу хоолойгоо нэгтгэн зорилгоосоо ухрахгүй гэж ирээд л баахан амлалт өгсөн Г.Баярсайхан гишүүн чуулганы үдээс хойших хуралдаанд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ гэдгийг мэдсэн мөртлөө өрөөнөөсөө толгойгоо ч цухуйлгаагүй аж. Уг нь мань чуулганы үдээс өмнөх хуралдаанд оролцож “МҮОНРТ-ийг татан буулгах хэрэгтэй. Ийм ашиггүй газраар яадаг юм бэ” гээд л нударга зангидаж суусан. Бүр энэ талаараа тодруулга өгч, хэвлэлийнхэнтэй уулзаж явсан тэрбээр Оюутолгойн гэрээний санал хураалтад чухам юуны учир оролцсонгүй вэ. Б.Бат-Эрдэнэ гишүүний тодорхойлсноор Г.Баярсайхан намынхаа хайрцагт баригдав уу, аль эсвэл “онгироо” амлалтаасаа буцав уу.
Түүнтэй хамт нүүр буруулсан Б.Болор, “Фортуна” Н.Батбаяр нар ч ямар нэгэн шалтгаанаар хуралд оролцоогүй юм билээ. Сураг сонсох нь ээ, Н.Батбаяр гишүүн өвчтэй гэсэн бол, Б.Болорын хувьд “арьсаа хамгаалах” ямар нэг тайлбар хэлсэнгүй. Тиймээс энэ гэрээний асуудлаар эрчимтэй тэмцэж буй Б.Бат-Эрдэнэ гишүүний хэлснээр том амласан “толгойгүй” гишүүд ичиг, ичиг.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ