
1990-ээд оноос эхлэлтэй Монгол улс, БНСУ хоорондын олон талт хамтын ажиллагааны нэг бол ерөнхий боловсролын сургуулийн багш солилцооны хөтөлбөр юм.Өнгөрсөн жил зөвхөн нийслэлийн Сүхбаатар дүүргийн хэмжээнд Багш солилцооны хөтөлбөр хэрэгжсэн бол энэ жил улсын хэмжээнд хэрэгжиж байгаагаараа онцлог. Уг хөтөлбөрт 20 монгол, 20 солонгос багш хамрагдах бөгөөд хоёр орны багш нар бага, дунд сургуульд хичээл заах, багш нартай хамтарч ажиллах, хичээлээс гадуурх ажил зохион байгуулах зэргээр сурган хүмүүжүүлэх арга, туршлагаа солилцож, харилцан суралцахын зэрэгцээ очсон улсынхаа үндэсний соёл, уламжлал, хөгжил дэвшилтэй танилцах юм.
Багш солилцооны хөтөлбөрт хамрагдаж байгаа Солонгос багш нар 9 дүгээр сарын 20-оос эхлэн гурван сарын хугацаанд нийслэлийн 2, 20, 23, 24, 45, 48, 52, 84 дүгээр сургууль, Ирээдүй цогцолбор, Монген, Улаанбаатар дунд сургуульд ажиллах бол Монгол багш нар 10-р сард БНСУ-д очиж, монголд ирсэн багш нарын сургуульд гурван сар ажиллах юм. БНСУ-аас бага ангийн таван багш ирсэн бол бусад нь дунд сургуульд солонгос хэл, англи хэл, математик, байгалийн ухаан, түүх-нийгмийн ухаан, хөгжим мэдээлэл зүйн хичээл заадаг багш нар байна. Солонгос багш нарыг өнөө өглөө тэдний ажиллах сургуулийн захирлууд нь “Чингис” зочид буудлаас албан ёсоор хүлээн авч, урьдчилан бэлтгэсэн байранд нь байрлуулжээ.
БНСУ-д ажиллах монгол багш нарын бүрэлдэхүүнд 2011 онд болсон Монголын багш нарын ур чадварын улсын уралдаанд байр эзэлсэн багш Байгалмаа (Орхон), Оны шилдэг илтгэлийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн багийн ахлагч М. Дорж (Дархан-Уул) нар багтсан байна.
Энэхүү хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр Сөүл ресторанд болж, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б. Ундармаа, Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д. Эрдэнэчимэг, ЮНЕСКО-ийн Ази, номхон далайн орнуудын Боловсролын төвийн тэргүүн, ноён Ли Чен Кван нар болон албаны бусад хүмүүс оролцож, хоёр улсын багш нарын хамтын ажиллагаанд амжилт хүсэв. Түүнчлэн, хөтөлбөрт хамрагдаж байгаа багш нар болон хөтөлбөр хэрэгжүүлэх нийслэлийн сургуулийн захирлууд оролцов. Нээлтийн арга хэмжээний үеэр хөтөлбөрт хамрагдаж байгаа монгол, солонгос багш нар танилцаж, харилцан мэндчилгээ дэвшүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ