
Хэлмэгсдийн хөшөөний хажууд хөгжлийн бэрхшээлтэй нэгэн залуу “Хүний наймааг зогсооё” гэсэн нэрийн дор суулт хийж байсан юм. Ц.Ганзориг гэх түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
Ц.Ганзориг: “Монгол хүн” хэн нэгэн хүний амжиргааны хэрэгсэл биш
-Та яг ямар зорилгоор суулт хийж байна вэ?
-Ах нь 2010 оны нэгдүгээр сарын 19-нд хүний наймаачдын гарт охиноо алдсан. Миний охин тухайн үед гурван сартай хүүхэдтэй байсан. Тэтгэмжийн мөнгөө банкнаас авах гэж гэрээсээ гараад л охин маань сураггүй болсон юм.
Тухайн очих газар маань нэг цагийн дотор хангалттай яваад ирэх газар байсан. Охиныг минь бусдад хүчээр биеийг нь үнэлүүлдэг хувийн шоронд хорьж байсан юм билээ. Миний охинтой хамт байсан бусад охидоос нэг нь ор сураггүй болж, хоёр охин нас барсан гэсэн. Сүхбаатар дүүргийн хоёр цагдаа иймэрхүү маш хүнд байдлаас охиныг минь надад олж өгсөн. Одоо би тэр хоёр цагдааг ч олж чадахгүй байгаа.
-Одоо танай охины бие болоод сэтгэл санаа ямархуу байна вэ?
-Бие нь гайгүй байгаа. Харин сэтгэл санааны хувьд, анх ирж байснаа бодвол арай гайгүй болж байна. Тухайн үед би охинтойгоо хамт сэтгэлзүйчид хандсан. Сэтгэлзүйчийн хувьд, надад “Охин чинь эрэгтэй хүмүүсийн дарамтанд байсан. Тэгэхээр та болсон явдлын талаар түүнээс битгий асуу” гэсэн. Охид бүсгүйчүүдийн биеийг хүчээр үнэлүүлдэг тэр газарт миний үеийн болон хөгшин настай хүмүүс ихэвчлэн очдог байсан гэсэн. Одооноос л энэ тухайгаа ээждээ ярьж эхэлж байгаа.
-Охин чинь одоо ямар нэгэн ажил хийж байгаа юу?
-Үгүй ээ, охиныг минь хүний наймааны золиос болгосон тэдгээр хүмүүс одоо хэр нь эрх чөлөөтэй байгаа учраас бид нар гадуур гаргадаггүй. Би гурван охинтой хүн. Монгол Улсад хүн илүүдээд байгаа гэж үү. Хүн гэдэг чинь дэлгүүрийн лангуун дээр байгаа амьгүй зүйлс шиг хялбархан зарагддаг болж. Монгол хүн хэн нэгний амьжиргааны хэрэгсэл биш.
-Таныг яасан гэж шүүхэд дуудсан юм бэ?
-Охиноо алдсан үед цагдаагийн газраас над руу залгаж “Охины чинь сургийг гаргалаа. Та хүрээд ир” гэсэн. Би эхнэртэйгээ хамт тэр газарт яваад очиход З гэгч нэг хүн байсан. Баянгол дүүргийн цагдаа нар “Та энэ хүнтэй хамт яваад хүүхдээ аваарай. Энэ хүн мэдэж байгаа” гэсэн. Цагдаагийнхан бидэндтэй хамт яваагүй шүү дээ. Гэтэл нөгөө хүнийг дагаад эхнэртэйгээ хамт цагдаагийн газраас гартал “Өнөөдөр явж чадахгүй нь, бие өвдөөд байна.
Надад нэг сая төгрөг өг” гэсэн. “Охиныг минь олж өгсний дараа би таван зуун мянгыг өгч чадна” гэж би хэлсэн л, дээ. Харин 12 хоногийн дараа хоёр охин маань олдсон. Угтаа бол, би өөрийгөө хүний наймааны гэмт хэргийг илрүүллээ гэж бодсон.
Гэтэл намайг хүний наймаа эрхэлдэг тэр З гэдэг хүнийг зодсон гэсэн шалтгаанаар шүүхэд дууддаг байгаа. Шүүх хурал нь зургадугаар сарын арван найманд болсон. Би тухайн үед цагаадаад гарна гэж бодсон боловч хэргийг дахиад байцаалтад буцаасан.
-Тэдгээр хүмүүсээс одоо таныг дарамталдаг уу?
-Мэдээж. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр орой би суулт хийгээд энд сууж байхад нэг машинаас хоёр хүн бууж ирээд “Энд юу хийгээд байгаа юм бэ” гэж ширүүхэн гэсэн. Харин намайг хамгаалж байгаа хоёр цагдааг хараад тэд зугтаад алга болсон.
Өнөөдөр амьдралын босгыг дөнгөж алхаж яваа цэцэг цэврүү шиг сайхан охиноо хүний наймаачдын бузар бизнест алдаж, ахиад хэзээ ч засч болохооргүй сэтгэлийн тамд унагасан нь хэний буруу вэ. Эрх чөлөөтэй гэж тунхагладаг эх орны минь бөөрөнд хэн наалдаж, хэчнээн сайхан охидыг минь зарж дуусч байгаа бол. Эцэг хүний хувьд би ийм л сэтгэлийн зовлонд унаж, энхрий бяцхан охидынхоо өмнөөс харуусч суухдаа энэ алхмыг хийж байна.
Д.Доржпагам
Гэрэл зургийг Б.Батжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ