Ч.Амарболд нарын ялыг хэвээр үлдээлээ
2008 оны сонгуулийн дараахь үймээнээр хүний амь үрэгдсэн хэрэгт холбогдсон цагдаагийн экс дарга нар хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарын гомдлыг Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд өчигдөр 10 гаруй цагийн турш хэлэлцэж, шөнийн 00.20 цагийн үед шийдвэрээ гаргалаа.
Экс удирдлагуудыг сонгуулийн дараахь эмх замбараагүй байдал үүсч таван хүн амь үрэгдэж, олон хүн гэмтэж бэртсэн хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн гэм буруутайд тооцон анхан шатны шүүхээс Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жил, хурандаа О.Зоригтод 5.6, дэд хурандаа Г.Ганбаатарт хоёр жилийн хорих ял оноосон.
Гэхдээ тэднийг Өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, хурандаа О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.Харин тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын хэргийн зүйл ангийг өөрчилж Өршөөлийн хуульд хамруулсан. Шүүхийн эл шийдвэрийг Ч.Амарболдын өмгөөлөгч Ж.Яринпил эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан. Уг гомдлыг өчигдөр давж заалдах шатны шүүхээс хэлэлцээд анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Хурлыг даргалагч шүүгчээр Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа, илтгэгч шүүгчэээр Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Батцэрэн оролцлоо. Харин яллагдагч Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Н.Мөнхбат, О.Зоригтын өмгөөлөгчөөр Ж.Энхчулуун, Ё.Өнөрбаяр, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр Н.Оюунцэцэг, Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Т.Мөнхдэлгэр нар оролцов.
Хэдийгээр Ч.Амарболд нарыг хоёр шатны шүүхээс гэм буруутайд тооцсон ч хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ