
Америкийн засаг захиргаа Ливи улс дахь АНУ-ын консулын газарт халдсаныг террорист ажиллагаа гэж тодорхойлоод гэхдээ урьдаас төлөвлөсөн ажиллагаа хэмээн үзэхгүй байна гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей Карни сэтгүүлчидтэй ярилцахдаа тайлбарлажээ.
Есдүгээр сарын 11-нд хэн гэдэг нь үл мэдэгдэх этгээдүүд Бенгази хот дахь АНУ-ын Консулын газрын байрыг гранат харвагчаар харвасан юм. Үүний улмаас Ливид суугаа АНУ-ын элчин сайд 52 настай Крис Стивенс, мэдээллийн газрын ажилтан, хоёр тэнгисийн явган цэрэг амь үрэгдсэн билээ.
“Бенгазид болсон хэрэг явдал нь террорын ажиллагаа байсан нь илт байна. Манай консулын газарт зэрлэгээр халдаж, үүний улмаас дөрвөн америк хүн амь насаа алдлаа” гэж Карни Ерөнхийлөгчийн нисэх онгоцонд хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна. “Гэхдээ халдлагад урьдаас нарийн нягт төлөвлөж байсан тухай мэдээлэл бидэнд байхгүй” гэжээ..
Консулын газарт хийсэн халдлагань 2001 оны есдүгээр сарын 11-нд террорын ажиллагаа үйлдсэн тэр өдөр болж, сар, өдөр нь давхцаж байгааг Ерөнхийлөгч анзаарч байгаа юу гэсэн асуултад Карни хариулахдаа, “давхцаж байгааг бүгд харж байна, гэхдээ саяны террорын ажиллагааг урьдаас төлөвлөжээ гэх тагнуулын мэдээ алга байна. Гэвч үүнд “Аль-Каида” бүлэглэл холбогдолтой байж болох юм” гэж онцлон тэмдэглэжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ