
УИХ-ын дарга захирамж гарган Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд, тэдгээртэй холбоотой бусад хууль тогтоомжийн биелэлтийг шалгаж, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, гишүүдэд С.Ганбаатар, О.Баасанхүү, Х.Болорчулуун, Д.Ганбат, Ж.Батсуурь, Г.Баярсайхан томлигдсон.
Тус ажлын хэсгийхэн өчигдөр Нийсэлийн удирдлагуудтай уулзаж барилгын салбарт үүссэн хариуцлагагүй байдал, асуудлыг шийдвэрлэх гарцын талаар санал солилцсон байна.
Уулзалтад НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийсэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Нийслэлийн Ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч М.Ням-Очир болон Нийслэлийн газрын албаны дарга, орлогч дарга байлцжээ.
УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн хувьд, сүүлийн үед хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд аж төрөх баталгаа алдагдаж, эрдэнэт хүний амь нас эрсдэх явдал удаа дараа гарч байгаа тул хариуцлага алдсан, хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой гэдгийг онцложээ.
Мөн зөвшөөрөлгүй барьж байгаа барилгуудын тоо, сүүлийн таван жилд барилгын ослоос болж амь насаа алдсан иргэдийн судалгаа, зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилга болон, газар эзэмшихтэй холбоотой гарч байгаа зөрчлийг арилгах, шийдвэрлэх хууль эрх зүйн орчны тухай тодруулга авч санал хэлсэн байна.
Нийсэлийн Засаг даргын зам тээвэр дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөр хэлэхдээ "Барилгын салбарт нүүрлээд байгаа энэхүү гамшгийг бууруулахын тулд хууль эрх зүйн хүрээнд шинэчлэх ажил багагүй байгаа юм. Тиймээс, УИХ гишүүд та бүхэн энэ тал дээр биднийг дэмжин ажиллаарай" гэсэн бол, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, бид зөвхөн мэргэжлийн хяналтын газрыг буруутгаад байгаа юм биш, шат шатандаа үүрэг харицлагатай байх ёстой, үүрэг хариуцлагаас мултрах гэсэн, амиа аргацаах гэсэн байдлаар энэ асуудалд хандах нь зохисгүй гэжээ.
НИТХ-ын дарга, бид нийслэлийн цагдаагийн бүрэлдхүүнээс нэмэлт хүч гарган зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгын ажлыг зогсооход мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллахыг үүрэг болгосон тухай хэлж, мөн нийслэлийн харъяа агентлаг, газрын дарга нарт зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын түүхийг нарийвчлан гаргаж танилцуулах, хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Хуулийн хэлтсийн дарга О.Машбатаар ахлуулан байгуулах, зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгын ажлыг зогсоох тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн биелэлтэд хяналт тавих үүрэг өгчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ