“Жижиг” П.Цолмон Канадад амьдарч байна
1998 оны үед загварын тайзнаа гарч ирж байсан П.Цолмонг үеийнхэн нь “жижиг” хэмээн нэрлэдэг. Намхан нуруутай гэсэн юм биш шүү. Харин топ модель Д.Цолмонтой дунд сургуулиа дөнгөж төгсч байгаа өндөр, туранхай охиныг андуурч нэрлэхгүй гэсэндээ загварынхан ийн давхар нэр хайрласан юм гэдэг. Топ модель Д.Пүрэвсүрэнтэй үе зайгүй дотно найзууд болж, гадаадын тэмцээнд хамтдаа явсан зураг хөрөг нь ч тухайн үед олныг гайхуулж байлаа. Гэвч дотны найз нь алтны магнат Ц.Мянганбаяртай үерхэж эхлэхтэй зэрэгцээд “жижиг” П.Цолмон “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайвантай нэр холбогдох болсон. Улмаар загварын бүсгүйчүүдийн “эрлэг” гэгддэг энэ эртэй хамтын амьдрал зохиож, загвар өмсөхөө больсон тэрбээр харийн орон руу одсон гэдэг. Өдгөө хүү, охин хоёртой болсон олны танил хос эх орондоо ирэн очин байдаг бөгөөд Канадад бүрмөсөн суурьшжээ. Торонтогийн их сургуульд суралцаж, мэдлэг боловсролоо ахиулан бизнесийн салбарт нөхрөө дагахаар шийдсэн модель бүсгүй хааяахан найз нөхөдтэйгээ уулзахдаа “Загварын тайзаа их үгүйлж байна” гэж санааширч суудаг гэсэн. Тэдний том охин нь ээжтэйгээ усны дусал мэт адилхан царайлаг, өндөр охин байдаг бөгөөд загварын ертөнцийг төдийлөн сонирхдоггүй ажээ. Харин дөрвөн настай хүү нь Ч.Энхтайваны ганц бурхан гэлцдэг бөгөөд нэлээд дүрсгүй нөхөр гэнэ лээ. Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ