
МАХН-ын дарга Н.Энхбаяр, иргэн До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нарын гомдлыг нийслэлийн Шүүхэд энэ сарын 25-ны өдөр 08.00 цагт хэлэлцэхээр товлогджээ.
Хуралд даргалагч шүүгчээр нийслэлийн Шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа оролцох юм байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Энхбаярыг 119.534 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг 2000 оны зургадугаар сарын 16-нд албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа завшин Гандантэгчинлэн хийдэд онц хэмжээний хохирол учруулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг урвуулан ашиглаж, тухай нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч даргаар ажиллаж байсан Н.Болормаа, нийслэлийн Өмчийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” зочид буудлыг хувьчлан Нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал н.Наранхүү, худалдааны асуудал хариуцсан орлогч захирал н.Ганбат, “Хэнлон” компанийн захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэн гурван тэрбум 930 сая төгрөгийг завшиж, “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан зэрэг үндэслэлээр дөрвөн жилийн хорих ял оноосон юм. Харин Н.Энхбаяр эл шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ