АНУ Шинэ Зеландад тавьсан хоригоо цуцаллаа

img

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панетта бүс нутгийн айлчлалын хүрээнд Токио, Бээжинд айлчилсан бөгөөд одоо Шинэ Зеландад айлчилж байна. Тэрээр Шинэ Зеландын Батлан хамгаалах сайд Жонатан Коулментэй Оклендэд хамтарсан хэвлэлийн хурал хийжээ. 1985 онд Шинэ Зеланд өөрийн газар нутагт цөмийн зэвсгийг хориглосон учир АНУ-ын дайны усан онгоцууд усан боомтыг нь ашиглах боломжгүй болсон. Иймд Вашингтон Шинэ Зеландтай хийсэн хамгааллын гэрээгээ 1986 онд цуцалсан билээ. Панетта нь тэрхүү явдлаас хойш тус улсад айлчилж байгаа анхны Пентагоны дарга болж байна. Тэрээр уулзалтын үеэр АНУ Шинэ Зеландад тавьсан усан онгоцны хоригоо цуцалж байгааг мэдэгдсэн юм. Хоёр улсууд байр сууриа өөрчлөөгүй ч аюулгүйн асуудлаар хамтран ажиллагааг сайжруулахын тулд ийм арга хэмжээ авч байгаа гэлээ. Гэхдээ “бодлогын өөрчлөлт” хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг илүү хялбарчлахыг онцолсон юм. Хоёр улсын харилцааны хөшүүн байдал 2003 онд Шинэ Зеланд Афганистан руу цэргээ явуулах болсноос хойш зөөлөрч эхэлжээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ