Соёлын төв өргөөнд өнөөдөр цагдаагийн байгууллагын удирдлагууд иргэдийн дуу хоолойг сонсч байна. Энэ арга хэмжээний талаар Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Ганбаатараас тодрууллаа.
-Өнөөдрийн арга хэмжээний зорилго юу вэ?
-Цагдаагийн байгууллага иргэдээ сонсч, тэдний санал шүүмжлэл, аргазүйн зөвлөгөө авах хэрэгтэй байгаа. Иргэд олон нийтийн дунд цагдаагийн байгууллага, алба хаагчийн ёсзүйн харилцаа муу байна. Иргэдтэй зөв боловсон харилцахгүй байна, цагдаагийн дарга нар хөрөнгөжиж байна, иргэдэд ялгавартай хандаж байна гэсэн олон шүүмжлэл бий. Цагдаагийн байгууллагыг нийгмийн шаардлагад нийцсэн байгууллага болгохын тулд шинэчлэлийг бид хамгийн түрүүнд иргэдийнхээ санал хүсэлтийг сонсч, энэ ажлыг зохион байгуулж байна.
Цагдаагийн байгууллагын шинэчлэл өөрчлөлтийн асуудалд олон багц асуудал бий. Мэдээж хэрэг хамгийн түрүүнд ёсзүйн харилцааг дээшлүүлэх ёстой. Шинэчлэлийн Засгийн газар, Хуульзүйн яамны бодлого бол өнөөдөр цагдаагийн байгууллагыг орчин үеийн болгох, нийгмийн болон иргэдийн амгалан тайван байдлыг хангасан байгууллага байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Тийм учраас бид иргэдийн санал шүүмжлэлийг сонсч, судалгаа шинжилгээ хийж, үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулж цагдаагийн байгууллагын чадавхийг сайжруулах нь зүй ёсны хэрэг. Ер нь цаашдаа цагдаагийн байгууллага иргэний хяналтад орно.
-Цагдаагийн байгууллага иргэний хяналтад орно гэж байна. Иргэд энэ байгууллагыг яг яаж хянах вэ?
-Иргэний хяналт гэдэгт олон зүйл багтана. Цагдаагийн ёсзүйн харилцаа, цагдаагийн өдөр тутмын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг иргэн хөндлөнгөөс хянах ёстой. Зарим үйлчилгээ, үйл ажиллагааг цагдаагийн байгууллага иргэдийн хяналтад бүрэн шилжүүлнэ гэж ойлгож болно. Цаашдаа цагдаагийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож, хүн хүчийг зөв хуваарилаж, хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулснаар цагдаагийн алба хаагчийн эрх ашгийг хамгаалж чадна. Цагдаа өөрөө хуулийн дагуу ажиллаж байж иргэдийн дунд хууль сахиулах үйл ажиллагаа сайн болох ёстой гэсэн дүгнэлт хийж байгаа.
-Урьд өмнө иймэрхүү ажлыг хэд хэдэн удаа зохион байгуулж байсан боловч үр дүнгээ өгөөгүй учираас иргэдийн итгэл алдарсан байна. Энэ тухайд?
-Энэ уулзалт дээр иргэдийн шүүмжлэл чөлөөтэй, үнэн бодитой гарч байна. Цагдаагийн байгууллагаас нийт иргэдийн хүрээнд, тухайлбал нийслэлийн хэмжээнд иргэдээсээ чөлөөтэй дуу хоолойг нь сонсч байна. Цагдаагийн байгууллагын удирдлагууд бүгд ирсэн. Ийм уулзалт урьд өмнө нь болж байгаагүй. Мэдээж хэрэг янз бүрийн зохион байгуулалтын арга хэмжээ урьд нь явагдаж байсан. Ололт амжилт ч их бий, алдаа дутагдал ч их бий. Гэхдээ бид бололцоогоо ашиглаад хамгийн түрүүнд иргэдийнхээ саналыг сонсоход эхний ээлжинд 1000 гаруй хүнийг цуглуулж санал шүүмжлэлийг нь авч байна.
Ч.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ