
Дэлхийн Өндөгний Холбооны жил бүр болдог ээлжит хурлаас Монголын НВЦ компанийг 2012 оны Дэлхийн шилдэг менежменттэй өндөг үйлдвэрлэгч компаниар шалгаруулж "Алтан өндөг" дээд шагналаараа шагнасан байна. Дэлхийн өндөгний холбоонд харьяалагддаг компаниуд дэлхий дээрх нийт өндөгний 70 гаруй хувийг үйлдвэрлэдэг. Энэ аваргуудын дундаас Монгол компани шилдэгээр тодорч чадаж байна гэдэг бол бид дэлхийн хөгжилөөс төдийлэн хоцроогүй яваагийн нэг илэрхийлэл. Урьд нь Монгол компаний бүтээгдэхүүн шилдэг болж байхыг сонссоноос биш Монгол компанийг дэлхийн шилдэг компаниар нэрлэн шагнаж байгаа тохиолдол магадгүй анхных байх.
Дэлхийн өндөгний холбооны сайтан дээр тавигдсан албан ёсны мэдээнд "сүүлийн 14 жилийн хугацаанд Монгол улсын өндөгний хэрэглээ бараг 500 хувь нэмэгдсэн бөгөөд энэ өсөлтөнд оруулсан хувь нэмрийг нь үнэлж энэхүү нэр хүндтэй шагналаа НВЦ компанид олголоо" хэмээн онцлон дурьдсан байна.
Мөн НВЦ компанийхан Төв аймгийн Баянчандмань сумын нутагт нэг сая шувууны аж ахуйн суурийг энэ сарын эхээр тавьж одоо дэд бүтцийн ажил ид ундарч байна. Одоо байгаа аж ахуй 100,000 шувууны багтаамжтай бөгөөд энэ хүчин чадал даруй 10 дахин өсөж, технологи нь дэлхийн шилдэгт тооцогдох компаниудаас шууд нийлүүлэгдэх аж. Техникийн дэвшил нэвтрэхийн хэрээр бүтээгдэхүүний чанар шууд дээшилэх нь ойлгомжтой. Ингэж нэг бид хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг хаяанаасаа өөрийн Монгол компаниасаа шууд авах боломжтой боллоо. Ийм ч учираас хүнсний аюулгүй байдлын төлөө тун чухал нэг алхам хийж дэлхийн хэмжээний шувууны ферм байгуулах ажилдаа ханцуй шамлан ороод байгаа НВЦ компанийхандаа амжилт хүсье. Өглөөхөн гарсан өндөг өдөр нь миний тавган дээр байж байвал би лав өдөр бүр иднэ.... Эрүүл хүнс алтнаас ч эрхэм шүү дээ.
Албан ёсны мэдээллийг:
https://www.internationalegg.com/corporate/news/details.asp?nid=825

Дэлхийн өндөгний холбооны хурал 2012 оны 9 сарын 9-13 хооронд болсон бөгөөд Өндөгний хэрэглээ, зах зээлийн талаар олон асуудлуудыг хэлэлцэж, компаниуд харилцан туршлагаа хуваалцав.

Дэлхийн өндөгний салбарын шилдэг компанид өрсөлдөгчид бүгд өөрийн гэсэн өвөрмөц танилцуулга бэлтгэж ирсэн байв. Шүүгчидийн хэлснээр шийдвэр гаргах их хэцүү байсан бөгөөд АНУ, Их Британи, Монгол улсын компаниудын хооронд ширүүн өрсөлдөөн явагдлаа.

Дэлхийн өндөгний холбооны хүндэтгэлийн цайллага болсон Лондон хот дахь Викториа ба Албертын музей. Дизайн, чимэглэл, ханын зураг гээд урлагийн 4,6 сая орчим үзмэртэй бөгөөд 1852 онд үүсгэн байгуулагдсан Английн томоохон музей. Хүндэтгэлийн цайллага дээр шилдэг компанийг тодруулж шагнал гардуулах ёстой.

Цайллагад бэлтгэж буй байдал. Бүх юм цагийн хуваарийн дагуу маш нарийн дээд түвшинд зохион байгуулагдаж байв.

Музейд болсон оройн зоогны үеэр. Дэлхийн өндөгний холбооны удирдлагууд НВЦ компаний төлөөлөгчидийн хамт

НВЦ компанийг Алтан өндөг шагналын эзэн болсныг зарлав. Харин нэлээн ширүүн өрсөлдөгч байсан Английн Ноубл Фүүдс компани дэд байрт шалгарч Болор өндөгний эзэн болсон юм.

НВЦ компаний ТУЗ-ийн дарга Б.Цэрэндаваа шагналаа гардан авлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ