АНУ Пакистаны сайдын саналыг буруушаалаа

img

АНУ-ын Төрийн департмент лалын шашныг доромжилсон кино бүтээсэн продюссерын амийг 100 мянган ам.доллараар үнэлсэн Пакистаны сайдыг буруушаалаа. Киноноос болж Пакистан болон лалын ертөнцөд өргөн хүрээтэй эсэргүүцэл үүсгээд буй учир Төмөр замын сайд Гулам Ахмад Билоур дээрх саналыг гаргах болжээ. Гэхдээ энэ алхам нь зохисгүй, турхирсан үйлдэл хэмээн Америкийн Төрийн департмент үзсэн юм. Пакистан, Судан, Тунис зэрэг улсуудад цагдаа, жагсагчид хоорондын мөргөлдөөн хэдэн арван хүний аминд хүрсэн байна. Ням гаригт дахин шинэ эсэргүүцлийн жагсаалууд Пакистан, Нигер, Грек, Турк зэрэг улсуудад боллоо. Дийлэнх нь тайван замаар өнгөрсөн ч Грекийн нийслэл Афинд мөргөлдөөн үүсч зургаан хүн баривчлагджээ. Төрийн департментын албаны мэдэгдэлд “Ерөнхийлөгч болон Төрийн нарийн бичгийн дарга уг киноны үндсэн санаа нь доромжилсон, ой гутмаар, буруушаамаар ч гэсэн энэ нь хүч хэрэглэх явдлыг зөвтгөхгүй. Хариуцлагатай удирдагч нар үүний эсрэг зогсч, хүчирхийллийн эсрэг байх нь чухал. Тиймээс бид ноён Билоурын мэдэгдлийг өдөөн турхирсан, зохисгүй гэж үзэж байна. Гэхдээ Ерөнхий сайдын алба энэ мэдэгдэлтэй холбоогүй гэдгээ мэдэгдсэнийг онцолж байна” гэжээ. Киноны продюссер Накула Басселей Накула одоогоор нуугдсан байгаа бөгөөд киноны албан ёсны эх сурвалж тодорхойгүй байгаа юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ